Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Монгол Улс дахь шинэ суурин төлөөлөгчөөр Шэннон Коулин томилогдон, ажлаа хүлээн авлаа.
Хатагтай Коулин АХБ-ны Монгол Улс дахь үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр болон 2021-2024 онд АХБ-ны Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах юм. Энэхүү түншлэлийн стратегийн хүрээнд АХБ Монгол Улсыг КОВИД-19 цар тахлын хямралыг даван туулах, цаашлаад хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн бат бөх суурийг тавихад нь дэмжлэг үзүүлнэ.
“АХБ-ны Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь хүртээмжтэй нийгмийн хөгжил ба эдийн засгийн боломжуудыг дэмжих, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэх, мөн ногоон бөгөөд уур амьсгалд зохицсон тогтвортой хөгжлийг цогцлооход чиглэдэг. Миний бие эдгээр гурван тэргүүлэх чиглэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон бусад хамтрагч түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа баяртай байх болно” хэмээн хатагтай Коулин хэллээ.
Хатагтай Коулин эрчим хүч болон олон салбарыг хамарсан уур амьсгалын чиглэлийн төсөл хөтөлбөр, яриа хэлэлцээрийг удирдсан 24 жилийн туршлагатай. Сүүлийн 10 гаруй жил АХБ-нд ажилласан бөгөөд Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газарт 2021 оны 9 дүгээр сараас эхлэн эрчим хүчний салбар хариуцан ажиллаж байсан.
Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын иргэн хатагтай Коулин нь АНУ-ын Беркелей, Калифорнийн Их Сургуулийн байгаль орчны инженерийн шинжлэх ухааны бакалавр, байгаль орчны эрүүл мэндийн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй. АХБ-нд ажиллаж эхлэхээсээ өмнө тэрээр АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лабораторид АНУ-Энэтхэг болон Өмнөд Азийн бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг АНУ-ын Засгийн газрын болон олон улсын байгууллагуудын нэрийн өмнөөс удирддаг менежерийн алба хашиж байв.
1991 оноос хойш өнөөг хүртэл АХБ Монгол Улсад 3.7 тэрбум ам.долларын 357 засгийн газрын зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төслийн дэмжлэг үзүүлсэн. АХБ нь Монгол Улсын Шинэ сэргэлтийн бодлого болон Алсын хараа-2050 бодлогод нийцүүлэн дэмжлэг үзүүлж байна.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.
Эх сурвалж: АХБ