Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс үер буусан 21,27,29 дүгээр хороодод есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж нийт үерийн гамшигт өртсөн өрх, аж ахуйн нэгжийн нарийвчилсан судалгааг гаргажээ.
Энэ талаар ХНХЯ-наас “Үерт өртсөн өрхүүдэд 1,430 иргэн байгаагаас хүүхэд 609, ахмад настан 108, хөгжлийн бэрхшээлтэй 27 иргэн байгаа юм байна.
Дүүргийн түр байрлуулах байранд 18 иргэн байгаагаас найм нь хүүхэд, хоёр нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэг байгаа” гэв.
Судалгаа нь гэр оронгүй болсон өрхөд гэр олгох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх, хүнсний нэг удаагийн тусламж үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулахад суурь мэдээлэл болох аж.