Наймдугаар сарын 7-ны өдрийн байдлаар Онон голын нийт уртын дагууд, Хэрлэн, Ерөө голуудын эхээр, Сэлэнгэ мөрний дунд болон адгаар, Хэнтийн нурууны уулсаас эхтэй Халх, Улз, Туул, Тэрэлж зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдсэн байна.
Орхон /Сүхбаатар, Орхонтуул/, Хараа гол /Дархан хот/, Үүр гол /Цагаан-Үүр/, Халх /Ялалт баг/, Хархираа /Тариалан/, Онон, Балж /Дадал/ Хэрлэн гол /Чойбалсан/ Туул гол /Лүн/ орчимд үерийн түвшинг 10-40 см, Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/, Хөгшин-Орхон гол /Хархорин/, Онги гол /Сайхан-Овоо/, Ховд гол /Мянгад/ орчимд үерийн түвшинг 5-10 см даван үерлэж байна. Харин Хүдэр гол /Хүдэр сум/ орчимд үерийн аюултай түвшин 10 см даван үерлэж байна.
Цаашид: 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голуудын усны түвшин огцом нэмэгдэх, хуурай сайр, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдээд байгаа тул жижиг гол, хуурай сайрын сав газар хийгээд татам, эрэг хөвөө дагуу суурьшсан ард иргэдийг гэнэтийн уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс
2023-08-07