Хүй долоо худагт энэ сарын 5, 6-нд болох “Даншиг наадам – Хүрээ цам” наадмын үеэр хурдан хүлгүүд уралдана.
Энэхүү уралдааны зохион байгуулалтын талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт өнөөдөр мэдээлэл өгөв.
Тэрбээр “Энэ удаагийн даншиг наадмын хурдан морины уралдааныг хязаалан, их нас гэсэн хоёр төрлөөр зохион байгуулна. Морьдыг олон наадамд уралдсаныг тооцоолон хязаалан насыг энгийн уралддаг зайнаас нь 1.4 км-ийн зайд ойртуулж, их насыг улсын баяр наадамд азарга уралдуулдаг зайнаас нэг км-ээр ойртуулж уралдуулахаар төлөвлөж байна.
Хурдан морины уралдааныг Засгийн газрын морь уралдуулах тогтоол, дүрмийн дагуу зохион байгуулна. Өмнө жилүүдэд нэг өдөр хоёр морио уралдуулдаг байсан. Харин энэ жил иргэд олон түмэндээ өдөр бүр хурдан морины уралдаан үзүүлэх зорилгоор эхний өдөр хязаалан насыг 11:00-12:00 цагт, дараа өдөр нь их насыг 11:00-12:00 цагт уралдуулахаар боллоо.
Энэ жил мөн жороо морины уралдааныг хоёр өдөр зохион байгуулна. Эхний өдөр үндсэн уралдаан болох бол дараа өдөр нь сонгомол жороо морины уралдаан болох юм.
Түүнчлэн уран явдалтай жороо морь, дэл засалт, эмээл тоног хэрэгсэл, дээл хувцасны зохицол гэсэн төрөл шалгаруулна.
Сүсэгтэн, олон түмэндээ жороо морь унах, зураг даруулах булан гаргаж өгнө. Тиймээс ард түмэн болоод уяачдыгаа хүрэлцэн ирэхийг урьж байна” хэмээн ярилаа