БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ баруун бүсийн 5 аймагт салбарын тулгамдаж буй асуудал, байгаль хамгаалагч, цаг уурчдын ажлын нөхцөл, өнгөрсөн жил эхлүүлсэн ажлын хэрэгжилттэй танилцах, зөрүүтэй байдлыг арилгах, мэдээлэл солилцох зорилгоор БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны хүмүүсийн хамт ажиллаж байна.
Өнөөдөр Ховд аймагт ажиллаж байгаа ба байгаль орчин аялал, жуулчлалын чиглэлээр Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа, Үенч бодонч Булган голын сав газрын захиргаа, Сум дундын Ойн анги, Ус, цаг уур орчны шинжилгээний төв, БОАЖГ-ын нийт 6 байгууллагын 200 гаруй албан хаагч ажилладаг бөгөөд төлөөллүүдтэй уулзалт хийв.
Уулзалтын эхэнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ БОАЖЯ-наас 2023 оныг “Цаг уурчдын жил” болгон зарласантай холбоотой албан хаагчдын цалинг шат дараалалтай нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлийг хийх, ашиглалтаас гарсан харуулын байрыг шинэчлэх ажлууд хийгдэж эхэлснийг мэдээллээ. Мөн албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор АНУ, Австрали, Канад, ХБНГУ, БНСУ, Япон зэрэг 6 оронд туршлага судлах богино хугацааны сургалтад явуулах бэлтгэл ажил хангагдсан гэв.
Салбарын төлөөлөл дараах асуудлаар санал солилцлоо.
Ховд аймгийн УЦУОШТ-ын Ус судлалын технологич, инженер З.Бахатбал “Манай аймагт Ус судлалын 11 харуул ажилладаг ба эргүүлийн ажлыг гүйцэтгэхэд 3-5 км явах шаардлага гардаг. Мөн 1976 онд баригдсан харуулын байрыг шинэчлэх саналтай байна” гэв. Уг асуудлыг БОАЖ-ын Сайд газар дээр нь шийдвэрлэж яамаха брэндийн 11 мотоцикл, харуулын байрны шинэчлэлтийн 10 сая төгрөгийг шийдвэрлэлээ.
Мөн ”Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд усжуулалтын асуудал хүндрэлтэй байгаа тул үүнийг шийдвэрлэх аргачлалаар хангах, амжилттай хэрэгжсэн санаачлагыг нэвтрүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэх;
Орон нутагт байгаль орчны байцаагчаар ажиллаж буй байцаагчийн нийгмийн байдал, ажиллах нөхцлийг дэмжих, хяналт, шалгалт хийхэд хууль мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг асуудалд дэмжин ажиллахаар боллоо.
Эх сурвалж: БОАЖЯ