Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газрын албан хаагчидтай уулзлаа. Энэ хүрээнд барилга, хот байгуулалт, стандарт хяналтын салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, санал солилцсон юм.
Хотын дарга Д.Сумъяабазар:
-Нийслэл хотод тулгамдаж буй томоохон асуудал нь хот төлөвлөлт, хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилттэй холбоотой. Өчигдөр бид хот төлөвлөгч, инженер, архитекторууд болон энэ салбарын эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нартай зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Цаашид нийслэлийг тэлэх, хөгжүүлэхийн тулд замбараагүй газар олголт, зөвшөөрөлгүй барилгын асуудлыг цэгцлэх, мөн бүх салбарт стандарт норм, дүрэм журмын хэрэгжилтийг хангах нь нэн чухал байна хэмээв.
Барилга, хот байгуулалт, стандарт хяналтын салбарын албан хаагчид, мэргэжилтнүүдийн зүгээс тулгамдаж буй асуудлуудаа онцолж байлаа. Тухайлбал, хүний нөөцийн хомсдолтой, албан хаагч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах шаардлагатайг хэлж байв. Түүнчлэн энэ салбарт ажиллаж буй албан хаагчдын хувьд мэдээлэл хүртээмжгүй, хаалттай, мөн байгууллага хоорондын уялдаа холбоо сул тул ажиллахад хүндрэл үүсдэг гэж байлаа. Жишээлбэл, аль нэгэн байршил дахь барилга, байгууламжийн техникийн нөхцөл, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн мэдээллийг олон газраас цуглуулах шаардлагатай болдог хэмээн салбарынхан тэмдэглэсэн.
Хот байгуулалтын салбарын хувьд цаашид тэлэх дүүрэг, дагуул хотыг төлөвлөхдөө өмнөх алдаагаа давтахгүй байх боломжтойг онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, инженер, дэд бүтцээ эхлэн төлөвлөж, тодорхой бүсчлэлийн дагуу хотоо байгуулах нь чухал байгаа юм.
Салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэх, боловсон хүчнийг чадавхжуулах, мэдээллийн нэгдсэн санг бий болгох, хууль журмын өөрчлөлтөд мэргэжилтнүүдийн саналыг тусгах, зөвлөлдөхөд анхаарч ажиллахаа Хотын дарга Д.Сумъяабазар уулзалтын төгсгөлд онцоллоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС