Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны наймдугаар сарын 01-ний өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг бүх шатандаа эрчимжүүлж ажиллах.
- Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ үйлчилгээ болон засвар шинэчлэлтийн ажлыг баталсан графикийн дагуу хийж гүйцэтгэн, үер усны аюулаас тогтмол урьдчилан сэргийлж ажиллах.
- Авто зам, замын байгууламжийн засварын ажлуудыг хөдөлгөөний ачаалал эхлэхээс өмнө гүйцэтгэж дуусгахаар ажлаа зохион байгуулах.
- Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайтар хангуулж ажиллах.
- Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай, түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдалд болон хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах.
- “Даншиг наадам-хүрээ цам 2023”-ын бэлтгэлийг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, зохион байгуулалтад онцгой анхаарч ажиллах.
- Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр анги, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагааг хууль, тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй зохион байгуулах.
- 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан багш нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, сургууль, цэцэрлэгийн гадна болон дотоод орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах ажлыг үе шаттай зохион байгуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.