Увс нуурт жил бүр тавдугаар сарын 16-наас 11 дүгээр сарын 1-ний хооронд 10,000 орчим жуулчин зорин ирдэг ба 2018 оноос стандартын шаардлага хангасан байнгын ажиллагаатай отоглох цэг ажиллаж, 15 төрлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Отоглох цэг нь нэг тонны багтаамжтай 11 хогийн сав, ариун цэврийн хоёр байгууламжтай.
Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа нь Увс нуур 441,223 га талбай, Цагаан шувуут уулын дархан цаазат газар 33,304 га талбай, Түргэн уулын дархан цаазат газар 130,273 га талбай, Ачит нуур-дэвэлийн арлын байгалийн цогцолборт газар 211,552 га талбай, Тэсийн голын байгалийн нөөц газар 103,000 га талбай, Мөнгөт цахир байгалийн дурсгалт газар 630 га талбайг 28 ажилтан, байгаль хамгаалагч хариуцан ажилладаг байна.
Увс нуурын ай сав газарт олон төрлийн шувууд, мэрэгчид болон ирвэс, аргаль угалз, янгир зэрэг ховордсон ан амьтан байх бөгөөд уг газар нь энэ бүс нутгийн биологийн олон төрөл зүйлийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг дэлхий дахины үнэ цэнтэй байгалийн хосгүй гайхамшигт өв юм.
Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхлиг зэрэг их бага 38 гол цутгадаг. Нуурын хойд үзүүр ОХУ-ын Тува улсад байрладаг юм хэмээн БОАЖЯ мэдээлэв.