Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах тухай асуудлыг НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл танилцууллаа.
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу Улаанбаатар хотын үнэт цаас гаргах, арилжаалах, бүртгэх, төлбөр хийх, төвлөрүүлсэн хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой эрх зүйн орчныг судалж, үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг хангаж буй. Тодруулбал, хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжих юм.
Зөвлөлийн гишүүд танилцуулсан асуудалтай холбоотойгоор асуулт, санал хэлснээр НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов. Мөн үнэт цаас гаргаж, арилжаалах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг нарийвчлан боловсруулж, танилцуулахыг үүрэг болголоо.