Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин өчигдөр Эрдэнэтийн Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх стратеги, судалгааг хийж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүлээлгэн өгөөд байгаа БНСУ-ын Хөгжлийн хүрээлэн (KDI)-гээс томилогдсон, Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Солонгос дахь төлөөлөгчийн газрын дарга, Номхон далайн хуулийн фирмийн ахлах зөвлөх Хур Кюнг Вүүк тэргүүтэй судлаачдыг хүлээн авч уулзлаа.
“Монгол Улсад үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх стратеги /хүнд үйлдвэрт анхаарах/” судалгааны төслийг БНСУ-ын Засгийн газрын “Мэдлэг хуваалцах хөтөлбөр (KSP)”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд тус улсын Хөгжлийн хүрээлэн (KDI)-гийн Олон улсын хөгжлийн төв (CID), Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн бодлогын хүрээлэн (KISME)-гийн судлаачид оролцжээ.
Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байгаа талаар Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин дурдаад, уул уурхайн болон бусад төрлийн түүхий эдийг боловсруулж, түүхийгээр нь бус баялаг болгож экспортлох бодлогыг Улсын Их Хурал, Засгийн газраас баримталж байна гэв.
Тэрбээр үйлдвэрлэл, технологийн парк болон эдийн засгийн чөлөөт бүс, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах эрх зүйн орчин, тэдгээрийн өөрчлөлт, шинэчлэлтийн талаар танилцуулж, эдгээр асуудлаар аж үйлдвэр өндөр хөгжсөн БНСУ-аас суралцах зүйл их бийг онцлон тэмдэглэв.
Хамгийн сүүлд энэ сарын эхээр энэ сарын эхээр Дорноговь аймгийн Алтанширээ, Өргөн, Хөвсгөл сумдын нутагт ажиллах “Алтан ширээт”, “Гэрэлт говь” Үйлдвэрлэл технологийн паркуудын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоод байгааг дурдан, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн талаарх судалгааг амжилттай хийж дуусгаж байгаад талархал илэрхийллээ.
Судлаачдын багийн ахлагч, ахлах зөвлөх Кюнг Вүүк Хур, Монгол Улс эдийн засгаа сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чин хүсэлтэй байгааг Байнгын хорооны даргын ярианаас ойлгож авснаа дурдаад, өргөн уудам, ирээдүйтэй Монгол Улстай хамтран ажиллахдаа баяртай байна гэлээ.
Өнөөдрийн байдлаар БНСУ-д улсын өмчийн 47, орон нутгийн болон хувийн хэвшлийн зэрэг нийт 1,300 орчин Үйлдвэрлэл, технологийн парк үйл ажиллагаа явуулж буйг тэрбээр танилцуулаад, 1960-аад оноос явуулсан аж үйлдвэрийн бодлогын хэрэгжилтэд алдаа, оноо багагүй байсныг дурдан, тэр бүх сургамж, туршлагыг Монгол Улстай хуваалцахад бэлэн байна гэв.
Мөн тэрбээр, БНСУ-ын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тус улсын парламент дахь үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн Байнгын хорооны бодлогын дэмжлэг ихээхэн чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов.
Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн судалгааны ажлын хүрээнд төслийн багаас БНСУ-ын хөрөнгө оруулагчдад танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Үүнд тус улсын 12 хөрөнгө оруулагч оролцсон бөгөөд эхнээсээ хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар яриа хэлэлцээ хийж эхлээд байгааг судлаачид уулзалтын үеэр танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.