Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайд хилийн хориг тавин суллажээ.
Өмгөөлөгчийнх нь зүгээс цагдан хорихгүйгээр шалгуулах хүсэлт гаргасныг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 10-нд хэлэлцээд хүсэлтийг нь хангасан юм байна.
Тодруулбал, Т.Бадамжунайг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулна гэсэн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хугацааг нь сунгаж байсан аж. Мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг өмгөөлөгч нь гаргаж, шүүх хүсэлтийг нь үндэслэлтэй гэж үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм байна.
Сайд асан Т.Бадамжунай нь 2018 онд Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгагдах болонгуутаа Замын-Үүдээр хилийн дээс алхан гарсан байсан юм. Улаан хугацаанд хилийн гадна байсны эцэст Засгийн газар “Шувуу” ажиллагаа зохион байгуулснаар энэ оны дөрөвдүгээр сард Филиппин улсаас авч ирсэн. Ирсэн даруйд нь шууд цагдан хорьсон юм. АТГ түүнийг шалгаж байгаад хэргийг прокурор руу шилжүүлээд байгаа.
Нийслэлийн прокурорын газраас сайд асан Т.Бадамжунайг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хэмээн мэдээлсэн юм.
Харин тэрбээр наадмын өмнө хорих ангиас суллагдсанаар гадуур байцаагдаж байна.