Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” суурьшлын бүсэд түр зуурын аадар бороо орж, усанд автжээ.
Тодруулбал тус газар энэ сарын 19-ний 17:30-18:00 цагийн хооронд аадар бороо орж, суурьшлын бүс дэх айл өрхийн гэр, аж ахуй нэгж байгууллагын байр усанд автсан тухай дуудлагыг мөн өдрийн 18:20 цагт аймгийн Онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид үерийн даланг сэтлэн усыг урсгаж гадагшлуулах, усыг соруулсан байна.
Ингэснээр тухайн бүс нутгийг, долдугаар сарын 20-ны 00:37 цагт аюулгүй болгожээ.
Энэхүү суурьшлын бүс нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 344 километрт, сумын төвөөс урд зүгт 100 километрт оршдог аж.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий газар