“Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Турк улс руу гаргаж, оронд нь бетон цутгамал хуулбар хөшөө тавих гэж байна гэх худал мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд тархлаа.
Зурагт харагдаж байгаа үл хөдлөх дурсгал нь Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутагт байрладаг Шивээт улааны хөшөөт цогцолбор дурсгал бөгөөд Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Жагсаалт батлах тухай 13 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад багтсан Монголын соёлын өв юм.
Өнөөдрийн байдлаар Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж, байгууламжийг тойруулан түр хашаа татаж, харуул хамгаалалтыг нь орон нутгийн удирдлагууд хариуцаж байгаа болно.
Сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн археологийн малтлага, судалгаа шинжилгээний дүнд, Шивээт улааны хөшөөт цогцолбор нь эртний Түрэгийн тахилга тахилгын зориулалттай дөрвөлжин зохиомжтой чулуун хэрэмтэй хойд талын хэрмийн төв дунд дөрвөлжин суурин дээр найман тал гаргаж өрсөн суварга хэлбэрийн чулуун байгууламж болохыг бүрэн тогтоосон бөгөөд түүний өмнө талд гүегээ дагуулсан арслан 2-ыг, сууж байгаа арслан 1-ийг, хүн чулуу 2, хүн чулууны толгой 1-ийг тус тус илрүүлж улсын хамгаалалтад аваад байна.
Цаашид судалгаа шинжилгээний ажил үргэлжлэх бөгөөд ил музей байдлаар ашиглахаар төлөвлөж байгаа тул олон нийтийн сүлжээнд тархсан худал мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна.
Монгол Улсын Соёлын яам нь ЮНЕСКО-той хамтран ажиллаж соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох зэргээр соёлын өвийн хадгалалт хамгаалалтын асуудалд анхаарч ажиллаж байгаа болно.
СОЁЛЫН ЯАМ