Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан. Өнөөдөр буюу хаврын чуулганы хаалтын өдөр боловсролын багц хуулийн төслийг эцэслэн батлах гэж байна.
Төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан зургаан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Түүнчлэн олон нийтийн анхааралд байсан төслийн 6.2 дахь хэсгийг “Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна. Сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байх бөгөөд эх хэлээрээ суралцах болон бусад гадаад хэл суралцах эрхийг үл хөндөнө” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзсэн.
Ингээд Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хангаад байна. Боловсролын хуулийг багцаар нь өөрчилж байгаа анхны тохиолдол нь энэ юм гэж Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэв.
Хуулийн төсөлд тусгагдсан онцлох заалтаас дурдвал:
Боловсролын ерөнхий хууль:
8.2.Бага ангийн сургалтыг заавал танхимаар зохион байгуулна.
8.5.Гамшгийн улмаас боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг хязгаарласан тохиолдолд энэ хуулийн 8.2 дахь хэсэг хамаарахгүй ба хичээл, сургалтыг танхимын бус болон хосолсон хэлбэрээр зохион байгуулна.
11.4.Мэргэжлийн боловсролын байгууллагад суралцагчид Засгийн газраас тогтоосон хэмжээний дагуу сар тутам тэтгэлэг олгоно.
11.5.Тэргүүлэх, нэн шаардлагатай мэргэжлээр суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээл олгоно.
12.11.Багш мэргэжлээр амжилттай суралцаж, өөрийн хүсэлтээр орон нутагт 5 буюу түүнээс дээш жил ажиллах гэрээ байгуулсан төгсөгчид төрөөс дэмжлэг үзүүлнэ.
13.2.6.хувь хүний нууцыг хадгалах, хамгаалах, суралцагчийг ялгаварлан гадуурхсан аливаа үйлдэл гаргахгүй байх, суралцах арга барилыг дэмжих;
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль:
4.4.Сургуулийн өмнөх боловсролыг 5 настай хүүхдэд заавал эзэмшүүлэх бөгөөд 200-аас доошгүй цагийн сургалтад хамруулсан байна.
4.7.Хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндийн болон бусад хүндэтгэх шалтгаантай хүүхдийг 7 настайд нь сургуульд элсүүлж болно.
5.3.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ.
6.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь хүүхдийн хөгжлийн онцлог, ялгаатай хэрэгцээнээс үл шалтгаалан хүүхдэд боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ.
10.3.Гадаад дахь монгол хүүхдэд зориулсан эх хэл, түүх, соёлын жишиг сургалтын хөтөлбөрийг боловсруулна.
12.1.6.эрүүл мэнд болон хоол, хүнсний аюулгүй байдлыг хангасан, суралцагч өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжтой, тайван амьдрах дотуур байраар хангагдах.
14.2.Цэцэрлэгийн нэг бүлэгт багш, туслах багш ажиллах бөгөөд бүлгийн хүүхдийн тооноос хамаарч ээлжийн багш ажиллуулна.
16.7.Багшийн мэргэжлийн түвшин, ур чадварыг үнэлэх ажлыг 3-5 жил тутам зохион байгуулж, багшийн хөгжилд дэмжлэг үзүүлнэ.
26.2.Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээгээр хүүхдийн сургуульд суралцахад шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагын түвшнийг тогтооно.
Дээд боловсролын тухай хууль:
15.2.Суралцагчийн сургалтын агуулгыг багц цагаар тооцно.
15.3.Сургалтын байгууллагын онцлогоос хамааран суралцагчийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, суралцаж буй мэргэжлийн чиглэлээр олон улсын тэмцээн, уралдаанд гаргасан амжилтыг энэ хуулийн 15.2-т заасан багц цагт тооцож болно.
22.5.Ахисан түвшний сургалтын хөтөлбөрийн хүрээнд багш, суралцагчийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үнэлж, багшийн нэмэлт орлого олох, суралцагчийн сургалтын төлбөрийг хөнгөлөх эх үүсвэр болгон ашиглаж болно.
30.1.9.сургуулийн нэрийн бүтээгдэхүүн болон бүртгэгдсэн барааны тэмдэг гаргах, бусдад ашиглуулах, түүний борлуулалтаас орох орлого;