Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын болон Бага тойруу дотор үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг 2023 оны долдугаар сарын 6-ны өдрийн 14:00 цагаас цахим горимд шилжүүлж, ажиллах горимд өөрчлөлт орууллаа.
Мөн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа болон тусгай чиг үүргийн байгууллага, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний Бага тойруу дахь авто замд хориглох шийдвэр гаргаж байна.
Гарсан шийдвэр, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхад анхаарч, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй байх, хамгийн ойр үйлчилгээний байгууллагаар хөдөлгөөн багатай үед үйлчлүүлэн, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлэхийг иргэд, олон нийтэд уриалж байна хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Мөн энэхүү шийдвэрийн дагуу хийгдэж буй арга хэмжээний талаар Тээврийн Цагдаагийн Албанаас тодруулахад “Нарны зам буюу Дунд голын баруун талын далан хальсан. Үүнтэй холбоотойгоор Натур болон тэр орчмын орон сууцууд руу ус орсон. Мөн Нарны замын урд хэсэг рүү ороод байна.
Хөдөлгөөнийг хаах Засаг даргын захирамж гарсан учир нь нэгдүгээрт бүх гарааш усаар дүүрсэн, иргэдийн орон сууц, өмч хөрөнгөд эрсдэл үүсэхээр байна. Хоёрдугаарт Таван богдын урд цахилгааны под станц бий бөгөөд тийшээ ус орох эрсдэл үүссэн.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслүүд унтарч байгаа тохиолдол бий учраас хөдөлгөөнийг хязгаарласан.
Онцгой байдлын болон цагдаагийн алба хаагчид тээврийн хэрэгслийг холдуулж, оршин суугчдыг гарган ажиллаж байна” гэлээ.