Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэл хот болон Сэлэнгэ аймагт үер усны аюул нүүрлэлээ. Онцгой байдлын хоногийн мэдээнд өгүүлснээр:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, Сэлбийн голын гүүр, “Буян” ХХК-ийн орчим “Сэлбэ” гол 500 м орчим газар далангаасаа давснаар эрэг дагуух орон сууцнууд усанд автсан тухай дуудлагыг 07.04-ний өдрийн 13:36 цагт хүлээн авсан. Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус далан давж, 60 гаруй орон сууц, 1 худалдааны төвийн В1 давхар, зуслан, гэр хорооллын 40 гаруй байршилд хашаа байшин, айлын гэр, 2 нүхэн гарц усанд автаж, 2 далан, гүүр задарсан дуудлагаар Онцгой байдлын байгууллага, Зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагч, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт 1347 хүн, 206 техник хэрэгсэл, мөн ус соруулах 15 мотопомп, 3 автомашинаар үерийн ус соруулж, шуудуу татах, далан босгох ажлыг зохион байгуулж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэд, өндөр настан зэрэг 560 гаруй иргэн, 300 гаруй автомашиныг аюулгүй газарт гарган ажилласан. Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, нөхцөл байдал хүндэрсэн газрын авто замуудыг түр хааж, төвийн 6 дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, 41 дүгээр зөрлөг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/-т Хараа голын ус эргээ даван үерлэж 2 гэр усанд автсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 06:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2 өрхийн 2 гэр үерийн усанд автсан байсныг 04:00 цаг ажиллан нүүлгэн шилжүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни баг, 53 дугаар зөрлөгийн “58-ын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 225 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т Хараа голын ус эргээ даван үерлэж 6 өрхийн 6 гэр усанд автсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 06:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 7 өрхийн 7 гэр усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлж, 2 иргэнийг аюулгүй газарт гаргасан байна.