БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Япон Улсын Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих зорилгоор богино долгионы холбоогоор тоноглогдсон, туулах чадвар сайтай Ниссан Патрол (Y-61) маркийн 30 автомашиныг 2023 оны хоёрдугаар сард 21 Сав газрын захиргаадад олгож байсан бол энэ удаад Ойн газар, Усны газар, Төв аймгийн БОАЖГ, Хустайн байгалийн цогцолборт газар, Туул голын сав газрын захиргаанд хүлээлгэн өгөв.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр 20 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулан, хэрэгцээ шаардлагатай байгаа олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Үүний нэг жишээг дурдахад Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийг Япон улсын Засгийн газрын дэмжлэгээр барьж, байгуулан хүүхэд залуусын байгаль хамгаалал, усны үнэ цэнийн талаарх ойлголт мэдээллийг системтэй олгоход дэмжлэг үзүүлж байна.
Монгол Улсын байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг дэмжин, хамтран ажиллаж ирсэн Япон улсын Засгийн газарт салбарын нийт хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.