Дэлхийн жорлонгийн холбоо-@World World Toilet Organization-ны Ерөнхийлөгч Жак Сим Монгол Улсад Эдийн засгийн форумд оролцохоор ирсэн ба энэ үеэр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын жорлонгийн холбооны Ерөнхийлөгч Д.Балсандорж, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх болон албаны хүмүүс оролцов.
Монгол орны хөрсний бохирдол үүсгэж буй гол шалтгаануудын нэг нь гэр хорооллын ариун цэврийн байгууламж байна. Иймд уг асуудлыг шийдвэрлэх, бусад Улс орны сайн туршлагыг нэвтрүүлэх хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
Дэлхийн жорлонгийн холбооны Ерөнхийлөгч Жак Сим БОАЖ-ын Сайдад хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Алжир, Бразил, БНХАУ-тай хамтран ажиллаж жорлонгийн асуудлыг амжилттай шийдвэрлэсэн сайн туршлага бий гэдгийг онцлов.
Мөн Сингапур Улсын Засгийн газраас уг асуудлыг онцгойлон анхаарч нэгдсэн стандартыг нэвтрүүлж, хувийн хэвшлүүдэд хариуцуулж өгсөн нь сайн үр дүнд хүрсэн гэв. Сингапур Улс 5,8 сая хүн амтай ба нийтэд 30.000 ариун цэврийн байгууламжтай бөгөөд энэ нь хангалттай хүрдэг гэдгийг тодотгож байв.
Цаашид БОАЖЯ болон “Монгол Улсын Жорлонгийн холбоо”-той хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгуулах, хамтарсан ажлын хэсэг байгуулж үйл ажиллагаагаа нэн яаралтай эхлүүлэх асуудалд хоёр тал санал нэгдэв. Мөн 2024 онд Дэлхийн жорлонгийн чуулганыг Монгол Улсад зохион байгуулахаар боллоо.
Эх сурвалж: БОАЖЯ