Үндсэн хуулийн Цэц Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн зарим заалтад холбогдох маргааныг хянан хэлэлцжээ. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 13 дугаар зүйлийн 13.5, 13.10, 13.11 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд уг асуудлаар магадлал гаргасан байна.
Хадгаламжийн даатгалд даатгагдах болон даатгагдахгүй хадгаламжийн талаар тодорхой тусгаж, зөвхөн даатгагдах буюу нөхөн төлбөр авах боломжтой хадгаламжаас даатгалын хураамжийг тооцон авдаг олон улсад мөрдөгдөж байгаа нийтлэг жишигт нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь зүйтэй гэж Үндсэн хуулийн цэц үзжээ. Учир нь одоогийн хадгаламжийн даатгалын тогтолцоогоор 20 сая төгрөг хүртэлх хадгаламжийг даатгадаг хэр нь түүнээс дээш даатгаагүй мөнгөн хадгаламжаас хураамж авдаг байна.