БНАСАУ эдийн засгийн гайхамшиг гэдгийг багахан ч атугай харуулсаар байна. 2016 онд тус улсын ДНБ 3.9 хувиар өссөн нь XXI зууны хамгийн гайхалтай үр дүн нь юм. Хэдийгээр энэ нь тодорхой, бодит мэдээлэл бус ч Хойд Солонгосын нөхцөл байдал алгуурхан, тогтвортой сайжирч буйг илтгэх нэлээд хэдэн үзүүлэлт бий.
Дэлхийн хамгийн хаалттай орон гэгдэх тус улс пуужингийн болон цөмийн хөтөлбөрөө идэвхжүүлсэн нь геополитикийн нэлээд ноцтой асуудал үүсгэж байгаа юм. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп хатуу байр сууриа илэрхийлж, Хойд Солонгосын удирдагчидтай үгэн дайн хийж буй энэ үед дэлхий нийт энэ улсын амьдрал, аж байдалд өөрийн эрхгүй анхаарч байна. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улстай сөргөлдөж буй болохоор арга ч үгүй биз ээ. Гэтэл үүнийг дагаад Хойд Солонгосын эдийн засаг ч сэргэж эхэлжээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун хуучны хэв журмаасаа алгуурхан татгалзаж, Хятадын хэв маягаар болгоомжтойхон шинэчлэлийг явуулж байна. Үүний үр дүнд өлсгөлөнгийн аюул багасч, Хойд Солонгосын ажилчид хилийн чанадад гарч ажиллан, улсын үйлдвэр нэртэй томоохон бизнесүүд нөлөөгөө тэлсээр байгаа аж.
Өнгөрсөн онд БНАСАУ-ын эдийн засаг бараг дөрвөн хувиар өсчээ. Өмнөд Солонгосын мэргэжилтнүүдийн таамагласнаар тус улс 2015 оны ган гачгийн хор хохирлоос бүрэн ангижирсан бололтой.
Цэргийн зардал ч мөн өссөн нь эерэг үр дүн авчирч байна. Эдийн засгийн ийм өсөлтөд БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгасан нь ч нөлөөлөөгүй бололтой. Харин эдийн засаг тогтворжсон нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, хөдөө аж ахуй болон үйлдвэрүүдийн шийдвэр гаргах үйл явцын төвлөрлийг зогсоосон, хоёрдугаарт, улсынхаа хувийн засаг зээлийн үүргийг нэмэгдүүлсэнтэй холбоотой.
Оросын дорно дахин судлаач Андрей Ланьковын тооцоолсноор БНАСАУ-д одоогоор 400-500 зах үйл ажиллагаа явуулж, шинээр нээгдсээр байна. Энэ захад Хятадаас импортолсон болон эх орны үйлдвэрийн барааг борлуулдаг. Энэ салбарт нэг сая гаруй хүн ажиллаж байна.
Хөдөө аж ахуйн хяналт ч мөн суларчээ. Тус улсын Засгийн газар өмнө нь тариачдаас бараг бүх ургацыг нь хурааж авдаг байсан бол өдгөө тэдний гарт бүтээгдэхүүний 30 хувийг үлдээж, тодорхой жилүүдэд 60 хувийг нь үлдээдэг болжээ. 2013 онд Хойд Солонгос анх удаа өөрсдийгөө бүрэн тэжээчих хэмжээний хангалттай ургац хураасан байна.
Хойд Солонгосын хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ дэлхийн ихэнх орны хэмжээнд хүрэхгүй ч өлсгөлөнгийн эрин аль хэдийнэ ард хоцорчээ. Тус улсын эдийн засгийн өсөлтөд хөрш Хятадад ажилчид гаргадаг нь асар их нөлөө үзүүлдэг. Өдгөө гадаадад ажилладаг солонгос иргэд Кэсоны аж үйлдвэрийн цогцолбороос ч их хэмжээний валютыг улс орондоо оруулж байна.
Э.МӨНХЗАЯА