Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Өлгий багийн Өндөр-Овоо гэдэг газар зургаадугаар сарын 18-ны 20:00 цагийн орчим усархаг бороо орж, улмаар ус жоншны уурхайн 30-40 орчим метрийн гүнтэй босоо ам руу урсаж орсон байна.
Тухайн үед уурхайн гүнд ажиллаж байсан хоёр ажилтан гарч ирээгүй тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллагад мөн өдрийн 20:25 цагт ирүүлсэн байдаг.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид, Уул уурхайн аврах анги, тус сумын Засаг даргын Тамгын газар, “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид жоншны уурхайн 31 метрийн босоо, 30 метрийн хөндлөн урттай уурхайн гүнд ажиллаж байсан Ж /40 настай, эрэгтэй/, С /33 настай, эрэгтэй/ нарыг гаргахаар ажиллаж, уурхайн аманд хуримтлагдсан нийт 650 м3 усыг соруулсан байна.
Уурхайн гүний 3 дугаар түвшний хэвтээ малталтын аманд үерийн усаар орсон шавар, чулууг цэвэрлэж, усыг шавхаж 31 дэх метрийн гүний 30 метрийн хөндлөн малталтын урд зүгт 30 дахь метрээс өчигдөр 11:10 цагт иргэн С, 11:40 цагт Ж нарын цогцсыг олж гарган тус сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.