Салбарын яамнаас жил гаруйн өмнө Тавантолгой-Чойр чиглэлд автомашинаар нүүрс тээвэрлэхийг бүрэн зогсоох шийдвэр гаргасан байдаг. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл дээрх чиглэлд хулгайгаар нүүрс тээвэрлэх асуудал гарсаар л байна.
Иймд зургаадугаар сарын 5-нд болсон Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу УБТЗ-ын Чойр, Олон-Овоо, Шивээ-Овоо өртөөдийн ачилтын салбар замуудаас нүүрсний ачилт хийхгүй байхаар шийдвэрлэлээ.
Ингэхдээ салбар зам эзэмшигчид нь талбайд байгаа жонш, төмрийн хүдэр, нүүрсний үлдэгдлийг гарал үүсэл, уурхайн нэр, жин тонн, аж ахуйн нэгжээр нь тооцон гаргаж, долоо хоног бүрийн Баасан гарагт Чойр өртөөний тооцооны хэсэгт өгч байхыг үүрэг болгов. УБТЗ-ын хувьд Чойр өртөөний долоо, Олон-Овоо өртөөний дөрөв, Шивээ-Овоо өртөөний гурав, Мааньт өртөөний гурван салбар замд албан тоот өгч дээрх шийдвэрийн дагуу хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Дашрамд дурдахад, өнгөрсөн онд Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн засаг дарга, орон нутгийн иргэдээс ирсэн удаа дараагийн хүсэлт, шаардлагын дагуу Монгол Улсын Засгийн газраас Чойр, Олон-Овоо, Мааньт өртөөдөд үүсээд байгаа экспортын нүүрсний овоолгыг богино хугацаанд тээвэрлэж дуусгахыг УБТЗ-д даалгасан байдаг.
Үүний хүрээнд УБТЗ Чойр, Олон-Овоо, Мааньт өртөөдөд хуримтлагдаад байсан экспортын нүүрсний овоолгыг богино хугацаанд амжилттай тээвэрлэж дуусгаад байгаа билээ.