Жил бүрийн наадмын найруулагч хэн байх вэ гэдэг таамаг олон нийтийн дунд хөвөрдөг. Энэ жилийн хувьд “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулахаар болжээ. Түүний зөвлөхөөр Монгол Улсын Ардын багш С.Дуламыг ажиллуулахаар санал оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд хэлэлцэн, баталсан байна. Найруулагч Б.Анар нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюуны зээнцэр бөгөөд түүний үүсгэн байгуулсан “Скин энтертайнмент”-ын уран бүтээлчид сүүлийн үед “Харанга”, “Ice Top”, “Татар” хамтлаг, дуучин Т.Ариунаа зэрэг хамтлаг, дуучдын ойн тоглолт, клип хийхээс гадна реклам, соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулж буй.