Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан
боллоо. Хөрөнгийн зах зээлд санхүүгийн шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, зах зээлд оролцогчдын оролцоог нэмэгдүүлж, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварыг өсгөх, хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороо бодлого зохицуулалтын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна.
Энэ хүрээнд 2021 онд “Өрийн хэрэгслийн журам”-ыг шинээр баталсан бөгөөд журамд бонд гаргагч тодорхой үнийн дүн бүхий бондуудыг бүхэлд нь нэг удаа бүртгүүлж, тэдгээрийг нэг удаа, эсхүл хэд хэдэн удаа хэсэгчлэн санал болгож, шаардлагатай санхүүжилтийг татах боломж бүхий “Бонд гаргах хөтөлбөр” хэрэгжүүлэх, “Ногоон бонд” гаргах, бонд гаргагч нь санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон бол барьцаагүйгээр бонд гаргах зохицуулалтуудыг шинээр бий болгосон билээ.
Харин өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын хамгийн анхны ногоон бондыг бүртгэхээр шийдвэрлэлээ. Энэхүү бонд нь олон улсын Sustainable Fitch байгууллагаар ногоон бондын зарчмуудтай нийцсэн талаарх дүгнэлт гаргуулсан, хөтөлбөрийн хүрээнд гарах анхны ногоон бонд гэдгээрээ онцлогтой юм.
Хаан банк нь олон улсын байгууллагаар зээлжих зэрэглэл тогтоолгосны дагуу барьцаагүйгээр уг бондыг гаргаж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх ногоон санхүүжилтийн багцаа эрчимтэй нэмэгдүүлэх дунд хугацааны томоохон зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн хуралдаанаар нэг компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, нэг компанийн хаалттай хүрээнд нэмж гаргаж буй энгийн хувьцаа, нэг хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг тус тус бүртгэх, хоёр компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олголоо.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо