Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд асан С.Эрдэнэд таслан сэргийлэх арга хэмжээ авч, хилээр гарахыг нь хоригложээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Д.Сувд-Эрдэнэ дараах хураангуйг бичжээ:
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Эрдэнийг улс төрд нөлөө бүхий Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын тухай хууль зөрчиж нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс мөнгөн хөрөнгийг Капитал банкны харилцах болон хадгаламжийн дансанд байршуулах шийдвэр гаргажээ.
“Капитал банк” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ буюу албан тушаалын байдлаа урвуулан, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тухайн хэргийн мөрдөн байцаалтыг яллагдагч С.Эрдэнийг оргон зайлсан, улсын хил нэвтрэн гарсан гэх үндэслэлээр түдгэлзүүлсэн байсныг прокурорын тогтоолоор мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээжээ.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Эрдэнэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 08-ны өдөр хянан хэлэлцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр буюу яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор яллагдагч С.Эрдэнэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.