Монголчууд бүдүүн. Хүүхдэд, томчуудгүй бүдүүн. Бүдүүн гэхээр нь зарим нь уурлана, зарим нь ичнэ, зарим нь гомдоно. Хүүхэд байхад өдрийн од шиг ховорхон бондгор хүүхдүүд байдаг байж билээ. Харин тэр үед өдрийн од шиг цөөн байсан бол одоо үед 6-11 насны 3 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жин, таргалалттай болсныг 2017 онд хийсэн “Хүн амын хоол шим тэжээлийн байдал” үндэсний V судалгаа мэдээллээ. Харин энэ тоо 6 жилийн өмнө 20 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жин таргалалттай байжээ. Яагаад ийм богино хугацаанд ийм хурдтай таргалах болов??? Үндэсний судалгаагаар улс орны ирээдүй болсон хүүхдүүд маань илүүдэл жин таргалалттай болох нь тогтоогдлоо.
Одоо харин аав ээж нь хэр байгааг сонирхуулъя. 2009 онд Мянганы сорилын сангийн санхүүжилтээр “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалт” -ын судалгаа хийсэн юм. Энэ судалгаагаар 15-64 насны хүн амын 31.6% нь илүүдэл жин, таргалалттай байна гэсэн дүн гарав. Харин 4 жилийн дараа өнөөх 31.6% нь 54.4% болж өссөн байлаа. Өөрөөр хэлбэл 15-64 насны Монгол 2 хүн тутмын 1 нь илүүдэл жин, таргалалттай байна. За ингээд үндэсний нэлээд хэдэн судалгаагаараа аав, ээжүүд, хүүхдүүд илүүдэл жин, таргалалттай болох нь нотлогдов. МОНГОЛЧУУД БҮДҮҮН болжээ. Аав ээжүүд, хүүхдүүдтэйгээ хөтлөлцөөд таргалалт өөд цэц булаалдацгааж байна.
Сүүлийн 10 гаруй жилд бид яагаад ингэж хурдтай жин нэмсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Ерөнхийдөө бол хөдөлгөөний дутал нөлөөлж байгаа гэхдээ үндсэн шалтгаан бол өдөр тутам идэж байгаа хоол хүнс юм. Хоол хүнс дундаа “нүүрс-ус” энэ бүхэнд буруутай. Яг үнэндээ үүнийг уншаад сууж байгаа хүмүүс дунд хүнсний нүүрс-усаа ялгаж салгаж байгаа нь хэд байгаа бол л гэдэг чухал асуудал. Юу идэж ууж байгаагаа ялгаж салгаж чадаагүй цагт илүүдэл жин, таргалалт таныг сүүдэр мэт дагах болно. Таргалалтын сүүдрээсээ салахад танд “хурдан тураана” гэсэн гарал үүсэл тодорхойгүй бүтээгдэхүүн бус харин таны тархинд зөв байрших “эрүүл мэндийн мэдлэг, дадал” чухал юм.
Ганцхан Монголчууд гэлтгүй дэлхий нийтээрээ нүүрс-усанд дарлуулж байна. Харин одоо шинэ салхи салхилж эхэлсэн. Энэ бол эрүүл мэндэд тустай өөх тостой хүнсийг чухалчлах болов. Үүнийг нэрийг “Кето диет” гэдэг. Мартагдсан хуучны зүйлийг сэргээж гаргаж ирэхийг шинэчлэл, инновац гэдэг шиг энэ бол нээх шинэ зүйл биш юм.
Монголчуудын уламжлалт хоол хүнстэй их ойр хоолны хэв маяг билээ. “Кето диет”-аар дэлхийн иргэд илүүдэл өөхөө шатааж байна, цусан дахь илүүдэл сахраасаа ангижирч байна, нүүрээр туурсан илүүдэл батгаасаа салж байна, тархи мэдрэлийн үйл ажиллагаагаа сэргээж байна гээд олон олон үр дүнг анагаахын шинжлэх ухаанаар нотолж, баталж байна. Та бүхнийг ч гэсэн нүүрс-усаа багасгаж зөв өөх тостойгоо нөхөрлөөсэй гэж хүсэж байна.
Хүндэтгэсэн: Цахим Эмч