– Бэлэнчлэх сэтгэлгээ бүр соц нийгмээс үүдэлтэй. Болж л өгвөл бусдын гар харж амьдрах муу зуршлыг энэ нийгэм халж, хэн хүнгүй бүгд л овсгоо самбаатай хөдөлмөрч байвал амьдрал тэр хэмжээгээр л сэтгэлд нь хүрэх учиртай бус уу? Бурууг бусдаас биш, өөрөөсөө эхэлж бодож шүүн тунгааж гэмээнэ амьдралд нь хэрэгтэй биш үү? – ахмад найз Загарын Төмөрбаатар
– Багшийн зөв байх аа. Эцэст нь бусдад амьдарч өгч байгаа баахан хүн. Үнэндээ энэ дэлхийн аль ч улсад жирийн иргэд амьжиргаагаа залгуулах гэж маш их хөдөлмөрлөж байна. Манайхан болохоор бусдад ажиллаж, бусдын төлөө гэр бүл болж, бусдын өмнөөс хүүхэд төрүүлж байгаа мэт л ялархаж амьдардаг нь үнэн – МУИС-ийн ОУХДС-ийн шавь Чимэдийн Оюунтогос
– Утаа ба түгжрэлээс салгах ГАНЦХАН шийдэл байгаа!!! Тэр шийдлийг би хэлэх үү? Үүнээс өөр шийдэл угаасаа байхгүй! УБ-аас хөдөө рүү чиглэх урсгалыг нэмэх. Үр дүнд нь Улаанбаатар хотыг 600-700 мянган хүнтэй болгох. Ингээд л бол оо. Түгжрэл байхгүй болно, утаа байхгүй болно – эдийн засагч Д.Ангар
Дотоод асуудлаар бичье гэж бодож бодож ийм гарчиг сонгоод гөвж өгье гэж шийдлээ. Ямар намайг буруутгаад юу л болов гэж? Би худлаа зүйл бичихгүй, яг байгаагаар нь шууд, ил цагаан, хурц хэлнэ.
Гадаад орнуудын туршлага гэж ёстой нэг далай байна аа. Уг нь шууд хуулбарлаж аваад л Монголдоо авчраад наачихмаар. Жижиг сул үндэстэн босож ирж, хөгжсөн түүх гэж дэлхийгээр дүүрэн. Монгол гэхлээр тэнгэр заяатай болоод явчихдаг, гаднынхныг нулимна, юун туршлага манатай. Энэ л их гай чирлээ!
Сингапурын хөгжлийн туршлага, Ли Куан Ю энэ тэр гээд би зөндөө бичсэн дээ. Тэр рүүгээ л дахин орохгүй бол болохгүй байна. “Өрх гэрийн функцийг Төр өөр дээрээ авч болохгүй” гэдэг нь Сингапурын хөгжлийн нууцын нууц юм. Төрийн халамж руу би дахин довтлох гэж байна. “Мөнгө орлуулагч нь зөвхөн ажил хөдөлмөр”–энэ бас Сингапурын хөгжлийн нэг гол нууц. Ажил хөдөлмөр эрхлүүлж цалингаар нь өөрсдийг нь торд – энэ бас Сингапурын туршлага.
Тэнгэр заяат Монголд “ул”-ны иргэд яагаад хаанаас төрдөг юм? Төрийн халамжаас л төрдөг юм. Төрийн хавтгайрсан халамж нь Төрийг ч, айл өрхийг ч амьдрах чадваргүй болгодог нь Монголын жишээн дээр харагдаж байна. Байгаагаа хэрэглээд дуусдаг, бахь байдгаараа л үлддэг. Үр хүүхдээ амьдрах чадваргүй, шувтан угжиж өсгөсөн эцэг эхтэй агаар нэгэн! Ийм учраас Төрийн буруу байна аа байна.
Төр өөртөө хамаагүй бүх ажил үйлсийг өөр дээрээ төвлөрүүлэх гэсээр байгаад хамгийн муу нэртэй, хамгийн арчаагүй, дарга нар нь алуулж байхдаа таарсан, ийм л дүр зураг 30 гаран жил нүдний өмнүүр жирэлзлээ. 2023 онд цэг тавьчихъя!
Монгол бэлээхэн жишээ нь байна. Гадаадын улс орнуудад “Монгол шиг болчхов!”–ийм хичээл бүү заагдаасай!
Нийслэлийн гэр хороололд яндангийн утаа баагиулдаг 230 мянган өрх байдаг гэнэ лээ. “Ул”-ны иргэд тэнд л бугшсан гэлцэх юм. Ядуурал, ажилгүйдэл, арчаагүйтэл, архидалт, золбин тэнэмэл амьдрал гэр хорооллын 230 мянган өрхийн иргэдээс л үүдэлтэй. Худлаа биш. Нүхэн жорлонгоос хальсан баас шээс, ил задгай хаясан үнс, хог, яндангаар нь уугих хүхрийн хүчил голлосон хорт хий. Хашаанд нь ургадаг бол шарилж. Хашаанд нь тариалсан юу ч үгүй, халцгай газар. Хүний гар хөл, хөдөлмөр орсон бүтээл гэвэл амбаар ба таван ханатай гэр нь байна. Түүнийгээ эрхбиш өөрсдөө барьдаг байх. Түүнийгээ хөдөлмөрт тооцоод ялархчихсан. Гэр хорооллын хүнсний дэлгүүрээр дүүрэн өрийн бичиг баримт. Үхэж сөнөж дуусдаггүй архичдын арми гэр хороолол болгонд бэлчээстэй. Тэгээд бас “230 мянга” дээр хөдөөгөөс нэмж нүүж ирсээр байна. Яг бодитой дүр зураг ийм л байна.
Төр буруутай буруугүй, хулгайч, авлигачин гэсэн шүүмж их яваа. Мэдээж бүгд тэгнэ. Мэдээж хулгайчдыг би өөгшүүлэхгүй. Гэхдээ хулгайчдыг устгаж дуустал ажил хийхгүй ядуу чигээрээ явна гэж зүтгэх нь мунхаг хэрэг. Эсвэл хулгайчдын хулгайлсныг хувааж аваад мөнгөжнө гэсэн хүлээлт (хүн бүрийн 125 сая нэг хэсэг моодонд оров!) бас л нэг талын гэнэн мунхаг хэрэг.
Төр буруутай, Төр хулгайлдаг гэдэг дээр миний гаргалгаа өөр. Буруутны анхдагч нь Төр мөн гэдгийн эсрэгээр буруутны анхдагч нь насанд хүрсэн, эрүүл саруул, эрх дураараа МОНГОЛ ХҮН Та өөрөө нэгэн биеэрээ мөн. Миний гаргалгаа энэ.
Тэдний арчаагүйдэж яваад халамжийг хэт үзүүлсэн Төр 10% буруутай. Хатуурхаж чадаагүйдээ буруутай. Хэт зөөлөн, иргэддээ ямагт долигонож ирсэндээ Төр буруутай. Харин халамжилсны хэрээр ажил хийх чадваргүй болтлоо доройтсон иргэд (голдуу гэр хорооллын) өөрсдөө 90% буруутай.
Одоо тэгэхлээр ганцхан гарц байна. Муусайн хятадуудыг дуурайхаа больё, орос ах нараа л дуурайя. Тэгэх үү, монголчууд аа? Орос ах нараа дуурайж амьдаръя, монголчууд аа!
Оросын гэр хороолол буюу “Деревня” Сэлэнгэ аймгийн төмөр замын дагуух ганц нэг хотуудад байсан даа. Үлдэгдэл нь байгаа гэж найдъя. Тэднийг л үг сүггүй хуулбарлачихъя. Мэдээж монгол гэртээ аж төрнө, хашаагаа л тосгоны оросуудынх шиг болгочих!
Хэрэв 230 мянган орос маягийн хашаа гэж төсөөлбөөс (нүдээ аниад хий юм төсөөл дөө) нийслэлийн гэр хороолол тэр чигтээ нов ногоон ой байх болно. Богд уулаар ч яадаг юм болно. Агаарын бохирдол “0” заана. Гал түлнэ, мэдээж. Айлын хашаа болгонд байгаа ногоон ой нь утааг нь шингээчихнэ. Хашаагаараа дүүрэн хүнсний ногооны талбай, гишгэх газаргүй болтлоо. Орос тосгон болгон бараг иймэрхүү. Бас хашаа болгон худагтай, усалгаатай. Хашаагаар нь дүүрэн тахиа, гахай, өөр юу ч юм. Дэлгүүрээс зөвхөн гурил, давс, будаа, чүдэнзээ авна. Энэ 230 мянган монгол айл өрх бүгдээрээ хүнсний ногоо тариалагч, борлуулагч, бас тахиа гахайны жижиг аж ахуйтан болчих юм бол Улаанбаатарын байтугай нийт Монгол эх орны минь хүнсний хангамж дэлхийд цохдоод гараад ирэх юм биш үү? Гэр хорооллын монгол иргэн бүр, монгол өрх бүр эко хүнсний экспорт руу гарцаагүй шилжинэ!
Нөгөө 230 мянган монгол айл өрхөө ийм болчхоосой гээд л ургуулан бодоод бичээд байна. Гэр хорооллын ашиг тус, аз жаргал гэж нэг юм заавал байх ёстой. Түүнийг нь залхуу монголчууддаа мэдрүүлэх гэж л улиглаад байна. Орос “Деревня”-ы орос ах нар шигээ бол оо, хятад тариачдыг дуурайх албагүй. Ердөө “Алтангадас” чинь хойшоо заагаад байна. Хил даваад хар, Буриадад очоод үз дээ. Адгийн архичин буриад амины жижиг аж ахуйтай, ядаж самогоноо нэрээд, ногоогоо даршлаад, өндгөө идээд байж байгаа. Тэрийг л хуулбарлачих.
Цаашаанаа нэг “муу мэдээ” бичье. Нийслэл дэх, эргэн тойрны оршуулгын газрууддаа “Нэг оршуулга-Нэг мод” хөтөлбөр хэрэгжүүлсэн сэн бол өдийд ногоон төгөл ой “Далан давхар”, “Алтан-Өлгий”, “Баруун Наран”-г хуччих ёстой байлаа. Ёстой харамсаад баршгүй. Одоо тэгэхлээр “Тэрбум мод”-оо дэмжээд “Нэг оршуулга-Нэг мод” хөтөлбөр нэн даруй хэрэгжүүлье! Ногоон төглийн бэлээхэн талбай байж байгаа юм биш үү? Оройтоогүй ээ!
“Ул”-ны иргэдийг халамжилж махаа иддэг Монголын Төрд хийх ажил байнаа байна. Албадлага, хууль тогтоомж, уриалга, суртал нэвтрүүлэг, өөр юу ч юм, уян хатан зохицуулалт байлгүй яах вэ. Агаарын бохирдлыг Төр шууд бууруулна гэдэг зүгээр л үлгэр. Хуулиа чангална. Юуны өмнө нийслэлийн гэр хорооллыг дахин тэлүүлэхгүй байх, тэлснийг хуулиар чангалж багасгах, хорогдуулах, хөдөө рүү нь нүүлгэх. Хөдөөгөөс нүүж ирэгсдэд өндөр шалгуур, өндөр татвар тавих, өөр юу ч юм. Гэр хорооллын яндан бүртэй Төр ажиллах албагүй. Нийслэл өргөжсөөр гэр хороолол нэмэгдсээр байвал хотын утаа, даац хэтрэлт, ачаалал даахгүй болсон үлгэр хэзээ ч төгсөхгүй.
Их хотын түгжрэл бууруулна гэж Төр ёстой мундраа хутгаж байна. Хуулиа л чангалчих. Машин нэмүүлэхгүй байх, нэмснийг нь хуулиар чангалж багасгах, хорогдуулах, импортлуулахгүй жил өнжүүлэх гэх мэт. Машин нэмж авхуулахгүй, өөр юу ч юм хууль л хэрэгтэй. Хуулиар л ярина. Хуулиа чангалах нь Төрийн үүрэг. Гэр бүл, айл өрхийн функцийг Төр шүүрч авахгүй гэвэл хуулиа л чангал, хуулиараа л ярь!
Улс орны мөхлийн шалтгаан нь өрх гэрийн чадваргүй байдал гэж улс төрийн шинжлэх ухааны онолд тодорхойлжээ. Монгол өрх гэрийг мөхүүлчихгүйн тулд Төр хуулиараа л ажилла! Монгол өрх гэрийг мөхлөөс аврах цорын ганц арга замыг “Эзэн хичээвэл заяа хичээнэ!” гээд өвөг дээдэс чинь заагаад өгчихсөн юм биш үү, монголчууд аа?
Судлаач-профессор Д.Баярхүү