“Төрийн ордонд энгийн хувцастай нэвтрүүлсэнгүй” гэсэн бичлэг цахим орчинд олон нийтийн анхаарлыг татсан. “Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-ыг үндэслэн сэтгүүлчийг албаны болон үндэсний хувцастай орохыг үүрэг болгож, ордонд нэвтрүүлээгүй явдал нь эрх зүйн үндэслэлтэй эсэх талаар хуульч С.Асланбекээс тодрууллаа. Төрийн ордны хувцаслалтын журам нь хүний эрхийг зөрчсөн, ялгаварлан гадуурхсан, хуулиас давсан тул Захиргааны шүүхэд хандах боломжтой гэлээ.
–Төрийн ордонд нэвтрэх тухай журам гэж юу вэ?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 20-р зүйлд зааснаар хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хурал хадгална гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл аливаа хууль журмыг Улсын Их Хурлаас батална гэсэн үг. Гэхдээ ажлын ачаалал хөнгөвчлөх болон нөхцөл байдлыг харгалзан зарим тохиолдолд төрийн байгууллагууд журам батлах, эрх зүйн хэм хэмжээний акт тогтоох эрх олгосон байдаг юм хуулиар. Үүнийг эрх шилжүүлэх харилцаа гэдэг. Жишээлбэл Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай хуульд зааснаар Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай дүрмийг Засгийн Газар батална гэж эрх олгосон байдаг. Үүний адил Төрийн Ордны Тухай Хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар төрийн ордны халдашгүй дархан байдлыг хамгаалах зорилгоор үйлчилгээ, хамгаалалтын журмыг батлах эрхийг олгосон бөгөөд 2008 онд Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, УИХ-ын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Тагнуулын Ерөнхий Газрын даргын хамтран “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-ыг баталсан байдаг.
- Төрийн Ордны Тухай Хуулийн 9 дүгээр зүйлд төрийн ордны хамгаалалт гэдэг нь төрийн ордны хэвийн үйл ажиллагаа явуулахад саад учруулахгүй байх аливаа нөхцөлөөс сэргийлэх, хамгаалах ийм зүйлийг олгоно гэж заасан байдаг.
- Мөн хуулийн 7 дугаар зүйлд төрийн ордны үйлчилгээ гэдэг нь төрийн ордонд ажиллаж байгаа албан тушаалтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг хангах чиг байдалд нийцүүлэх тухай үйлчилгээг ойлгоно гэж заасан байдаг.
-Төрийн ордонд нэвтрэхэд хувцаслалтын стандарт тогтоосон журам нь хууль ёсны юу?
-Эрх зүйн эх сурвалжийн эрэмбийн онолоор бүх хууль Үндсэн хуульд нийцсэн байх ёстой ба бүх хуульд аливаа журам нийцсэн байх ёстой гэж тайлбарласан байдаг.
Төрийн Ордны Тухай Хуульд төрийн ордонд нэвтрэхэд зэвсэг болон бусад ямар нэг тэсэрч дэлбэрэх бодис, хурц ирмэгтэй эд зүйлс авч орж болохгүй, мөн согтуугаар нэвтэрч болохгүй гэсэн хориглолтууд байдаг ч хувцаслалтын талаарх хориглолт байхгүй.
Гэтэл Төрийн ордонд нэвтрэх журмын 3 дугаар зүйлийн 3.18 дахь хэсэгт төрийн ордонд хамгаалалт, үйлчилгээний болон цэрэг, цагдаагийн ажилтнууд дүрэмт хувцастай, бусад хүмүүс албаны болон үндэсний хувцастай нэвтэрнэ гэсэн заалт байдаг. Энэ хувцасны хориглолт нь эрх олгосон хууль болох Төрийн Ордны Тухай Хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн зорилго хүрээнд нийцэхгүй бөгөөд эрх олгогдоогүй асуудлаар журам баталсан байгааг харуулж байна.
-Хуульч хүний зүгээс уг журмыг юу харж байгаа вэ?
-Хувцаслалт гэдэг тухайн хүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролынх нь илэрхийлэл байдаг. Гэтэл хувцаслалтаар ялгаварлах бол хүнийг аливаа байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон Үндсэн хуулийн заалт болоод бусад заалтыг зөрчиж байгаа хэрэг гэж үзэж байна. Төрд ажиллаж буй хэн ч иргэнээ хүндэлж боловсон хувцаслах бол зүй ёсны л доо. Харин төрд таалагдах гэж иргэн нь хувцаслана гэхээр толгойд нэг л буухгүй байгаа юм. Миний хуульчийн зүгээс энэ бол хүний эрхийг зөрчсөн буруу л гэж харж байгаа.
-Энэ журмыг цуцлуулах боломжтой юу?
-Журам нь хуулиас давсан байгаа учраас иргэд журмыг мөрдөхгүй байх эрхтэй. Мөн захиргааны хэргийн шүүх нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн хэм хэмжээний агтыг хүчингүй болгох эрх бүхий байгууллага учраас шүүхэд хандах замаар тус журмыг хүчингүй болгох боломжтой гэж хуульчийн зүгээс харж байгаа.
Мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье.