Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс ерөнхий боловсролын сургуулийн эмч нарт зориулан зохион байгуулж буй “Өсвөр үеийн эрүүл мэнд, хөгжлийн асуудлаар баримжаа олгох” гурав дахь удаагийн сургалт эхэллээ.
Нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн бүх ерөнхий боловсролын сургуулийн эмч нарыг хамруулж буй уг сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Өсвөр үед ээлтэй тусламж үйлчилгээ” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд өмнөх хоёр удаагийн сургалтаар нийт 120 орчим сургуулийн эмчийг сургаад байгаа билээ.
Таван өдөр үргэлжлэх сургалтын эхний өдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш нар “Өсвөр үеийн эрүүл мэнд хөгжлийн асуудлаар чиг баримжаа олгох хөтөлбөрийн танилцуулга”, “Өсвөр үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний онцлог”, “Эмнэлзүйн үйл ажиллагаандаа өсвөр насныхны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нөлөөлөх хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх нь”, “Өсвөр насны үйлчлүүлэгчийн өвөрмөц хэрэгцээг харгалзан үр дүнтэйгээр харилцах нь”, “Өсвөр насны хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нийгмийн хүчин зүйлс, эрсдэлт болон хамгаалах хүчин зүйлс”, “Өсвөр насны сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, тусламж үйлчилгээ”, “Өсвөр настанд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүд, нөлөөлөх хүчин зүйлс”, “Өсвөр насны эрүүл мэнд болон хөгжилд дижитал технологийн оролцоо болон үл оролцооны нөлөө”, “Хорт зуршлын хэрэглээ, урьдчилан сэргийлэлт” сэдвээр хичээл зааж, бүлгээр ажиллуулан мэдлэгийг нь баталгаажуулав.
Сургалтын өмнө болон дараах асуумжийг сургалт бүр дээр авч байгаа бөгөөд өмнөх сургалтуудын санал асуулгаас харахад сургуулийн эмчид мэдлэгээ дээшлүүлэх, мэдээлэл авах сургалтын хэрэгцээ их байгаа бөгөөд сургалтын дараах асуумжаар мэдлэг дээшилсэн нь харагдаж байлаа.
Эмч нар сургалтаар өсвөр үеийнхний эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын талаар цогц мэдлэгтэй болж цаашид өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлэх бөгөөд заасан хичээлүүдээс нэн шаардлагатай 15-ыг нь цахим хэлбэрээр бэлтгэн төвийн Багц цагийн богино хугацааны платформд байршуулснаар нийслэлийн төдийгүй хөдөө орон нутгийн сургуулийн эмч нарт ашиглах боломжийг олгох юм.
Эх Сурвалж: ЭМЯ