Орчин үеийн менежментийн ухааны эцэг ч гэж нэрлэгддэг П.Дракерын 1985 онд бичсэн энэхүү бүтээл цаг үеэсээ түрүүлсэн ном байсан гэдэг. Одоо ч бизнесийн сургуулиудын хичээлд заавал багтдаг тус номын гол санааг энд эмхэтгэе.
1) Энтрепренёр гэж хэнийг хэлэх вэ?
Энтрепренёр хүн ямар ч зан характертай, аль ч салбарт ажиллаж болно. Гагцхүү цаг, мѳнгѳ, хүн гэх мэт нѳѳцийг урьдынхаас илүү бүтээмжтэй ашиглах шинэ аргыг олсон байх ёстой. Энэ утгаараа хуучин арга барилаас салаагүй л бол шинэ бизнес эхлүүлсэн хүн болгон энтрепренёр биш байна. П.Дракерын хэлснээр бол технологийн компани эхлүүллээ ч нэгэнт байгаа бизнес моделийг хуулсан тохиолдолд энтрепренёр биш, харин хоолны газар ажиллууллаа ч бусдаас ялгаатай цоо шинэ загвараар илүү үр ашгийг бий болгож байвал тэр хүн энтрепренёр аж. “Эптрепренёр гэж эдийн засгийн нѳѳцийг илүү ѳндѳр бүтээмж, ѳндѳр ѳгѳѳжтэй талбар луу зѳѳдѳг хүнийг хэлнэ” гэж Францын эдийн засагч Ж.Сэй тэртээ 1800 онд хэлсэн бѳгѳѳд ѳнѳѳдѳр ч энэ сайн тодорхойлолт хэвээр байна.
2) Инновац: Энгийн хэр нь хэцүү зүйл
Инновац уул нь шинжлэх ухааны цоо шинэ нээлт бус, аль хэдийн байгаа нѳѳцийг ашиглан илүү их баялаг, үнэ цэнийг бүтээх явдал юм. Дэлхийг ѳѳрчилсѳн шилдэг инновациуд гайхалтай технологийн хувьсгал гэхээсээ маш энгийн зүйлс байдаг нэг жишээ нь “контейнер” юм. Ачаа зѳѳдѳг энэ дѳрвѳлжин тѳмѳр чингэлэг хэдийгээр бодож олоход тийм ч хэцүү санаа биш боловч, XX зуунд олон улсын худалдааг 4 дахин ѳсгѳх ложистикийг боломжтой болгосон инновац гэдгээрээ бизнесийн хичээлийн түгээмэл кейс болдог. Инновац уул нь маш энгийн ѳѳрчлѳлт байж болох ч, компаниудын хувьд бизнесийн нэр хүнд, брэнд имижтэй холбогддог тул нэгэнт тогтсон арга барилыг ѳѳрчлѳх нь менежментийн том сорилт гэдгийг П.Дракер онцолдог.
Иймд инновацыг “алдах зүйлгүй” шинэ тоглогчид бий болгож гарч ирэх нь цѳѳнгүй.
3) Зах зээл ба хэрэглэгч
П.Дракерын ажигласнаар “шинэ нээлт”, “гайхалтай санаа” маш олон ч ердѳѳ 500 санааны 1 нь л зардлаа нѳхдѳг. Ихэнх санаа цаасан дээрээ үлддэг, амьдралд нэвтэрлээ ч зах зээл дээр амжилт олдоггүй, инновац болдоггүй байна. Иймд инновацыг бий болгохын тулд зах зээлийг сайн мэдрэх шаардлагатай. Гэвч хараахан байхгүй бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх хэрэглэгчийн судалгааг явуулах боломжгүй нь гол сорилт болдог. Сайн бүтээгдэхүүний нууц нь хэн ч ойлгохгүй нарийн тѳвѳгтэй шинэ зүйл биш, харин “урьд нь яагаад энэ байгаагүй юм болоо” гэж гайхахаар энгийн зүйл байх нь түгээмэл байна. Хэрэглэгч аливаа бүтээгдэхүүнд бус, түүнийг ашигласнаар хэмнэх цаг, мѳнгѳ, зүтгэл гэх мэт ѳѳрт бий болох ѳгѳѳжид мѳнгѳ тѳлдѳг.
4) Эрсдэл
Инновацыг бий болгоход зорилготой, системтэй, зохион байгуулалттай “энтрепренёршип менежмент” шаардлагатай гэж П.Дракер тайлбарладаг. Түүний нэг онцолдог зүйл бол “шинэ арга барилыг эрэлхийлж буй энтрепренёршип эрсдэлтэй зүйл биш”. Харин тогтмол хувьсан ѳѳрчлѳгдѳх амьдрал дунд хуучин арга барилаар удаан явах нь жинхэнэ эрсдэл. Үүний ч нотолгоо болж нэгэн цагт салбартаа дэлхийд тэргүүлж байсан компаниуд хүртэл шинэчлэлээс хоцорч, зах зээлээс шахагдсан байдаг.
Эдийн засагч: Б.Түмэнцэнгэл