/2023.05.01/ “Нээлттэй нийгэм форум”-ын судлаач Д.Энхцэцэг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх асуултад хариуллаа.
Асуулт: Одоо хэрэгжиж байгаа Улс төрийн намын тухай хууль болон ид хэлэлцэж буй шинэчилсэн найруулгын төсөл хоёр ямар ялгаатай вэ?
Хариулт: Улс төрийн намын тухай 2005 оны хууль нь иргэдийн эвлэлдэн нэгдэж, нам байгуулах эрхийг хангасан. Энэ үүргээ ч хангалттай биелүүлсэн хууль. Харин намын зохион байгуулалт, дотоод үйл ажиллагаа, санхүүжилтийн талаарх зохицуулалт тусгагдаагүй. Жишээ нь, намын улс төрийн хяналт, санхүүжилтийг “Дотооддоо хяналтын байгууллагаар хянуулна” гэсэн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл дотооддоо аудит хийлгээд, тайлангаа иргэдэд ил болгосон нам нэг ч байхгүй.
Нам бол бодлого боловсруулж, тэр бодлогоо иргэдэд сурталчлан таниулж, тэдний дэмжлэгийг авч, төрийн эрхийг барихаар сонгуульд өрсөлддөг. Хэрэв ялбал бидний өдөр тутмын амьдралд хамаатай, нийгмийн олон талт харилцааг зохицуулах хууль, шийдвэрүүдийг гаргадаг засаглалын чухал үүрэгтэй субъект. Иргэдийн итгэлийг хүлээн төр барих хүмүүсийг бэлтгэж, бодлого боловсруулагч институц гэсэн үг. Манай улсад энэ институц төлөвшиж чадахгүй байна. Учир нь намын үндсэн зарчим болох хариуцлагатай, ил тод, ардчилсан байх шаардлагыг хангаж чаддаггүй. Удтал засагдахгүй явж ирсэн хариуцлага, ил тод байдлын асуудлыг шийдвэрлэх, намыг төлөвшүүлэх хөшүүргийг бий болгох, нөгөө талаас улс төрийн хүрээний авлигыг шийдвэрлэх нэг зам нь төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт өгөх ёстой юм байна гэдэг олон улсын сайн туршлага байна. Тэгвэл энэ хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эдгээр агуулгыг багтааж өгчээ.
Асуулт: Намд олгох төрийн санхүүжилт огт байхгүй мэт яриад байдаг. Гэтэл одоо үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулиар ч гэсэн намуудад санхүүжилт олгож байгаа биз дээ?
Хариулт: Тийм. Гэхдээ зөвхөн УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан намуудад суудлын тоогоор олгож байгаа. Энэ нь өрсөлдөөний тэгш боломжийг хангадаггүй, олон талт нээлттэй оролцоог дэмждэггүй.
Гэтэл сонгогчдоос нэлээд санал сонгуулиар авсан ч парламентад суудал авч чадахгүй байгаа намууд энэ санхүүжилтээс хоцроод байгаа юм. Тэгэхээр нөөц бололцооны тэгш бус байдал улам газар аваад нэг нам давамгайлсан улс төрийн намын тогтолцоо бий болж эхэлж байна. Сонгогчдын дэмжлэг хүлээдэг ч, сонгуулийн тогтолцооны санал гээгдэх нөлөөллөөс болоод парламентад суудал авч чаддаггүй намуудын хувьд сонгуулиас сонгуулийн хооронд санхүүжилт нь улам бүр хэцүүдэж, улмаар бэхжиж чадахгүй байх нөхцөл ажиглагддаг. Тэгэхээр нэгэнт бусад улс туршаад хэрэгжээд үр дүнгээ өгөөд байгаа сайн туршлагыг нутагшуулаад, эдгээр намд сонгогчдын дэмжлэгт нь үндэслэн төрөөс дэмжлэг үзүүлбэл улс төрийн хүрээний авлигаас ангижрах нэг боломж бий болж, намуудыг институцийн хувьд дэмжин, улс төрийн намын систем нь төлөвшиж эхэлнэ. Хэрэв бид үнэхээр алсын хараатай өөрчлөлтийг хүсэж байгаа бол төрийн санхүүжилтийг дорвитой өгч, нөгөө талд нь хариуцлагыг сайн шаардах учиртай. Хуульд заасан хугацаандаа санхүүжилтийн тайлангаа өгөхгүй бол хүлээлгэх хариуцлагын систем нь хуульдаа байх ёстой юм.
Асуулт: Нам байгуулах босгыг их өндөр болгосон гэж шүүмжлээд байсан. Тийм зүйл байгаа юу?
Хариулт: Босгыг өндөрсгөөгүй, нам байгуулахад тавих шаардлага 2005 оны хуульд байгаатай ижил туссан. Харин нам болсных нь дараа хариуцлагыг нь өндөржүүлэх заалтууд орсон. Тухайлбал, идэвхтэй болон идэвхгүй нам гэсэн ангилал бий. Энэ нь намыг бүртгэлээс хасах, түдгэлзэх эсвэл тараах тухай асуудал огт биш. Нам дотоод ардчилалтай байх ёстой, түүний тулд дөрвөн жилд нэг удаа гишүүдийнхээ хурлыг хийдэг байх ёстой гэсэн шаардлага бий. Үүнийг нь хангахын тулд төрөөс хурал хийх танхимыг нь үнэ төлбөргүй гаргаж өгөхийг хуульд тусгаад өгчихсөн. Дээр нь нам санхүүгийн тайлангаа ил тод тайлагнах, үүнийг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд аудит хийх зардлыг нь төрөөс хариуцах, ингээд бүх талаар боломж бүрдүүлж өгч байхад тайлангаа гаргахгүй бол идэвхгүй статустай болно. Ийм намд төрөөс аливаа дэмжлэг үзүүлэхгүй байхаар төсөлд туссан.
Асуулт: Намын санхүүжилтийн тайланг жил бүр гаргах нь парламентад суудалгүй намуудад хүндрэлтэй гэж байсан. Энэ нь ямар учиртай вэ?
Хариулт: Бид “Намын санхүүжилт ил тод байх ёстой” гэдэг. Тэгвэл энэ шаардлагыг хангахын тулд санхүүгийн тайлан тавихаас өөр аргагүй. Тэгвэл тэр тайлангаа хэнд тавих вэ гэдэг асуудал үүснэ. Намын бүртгэл, тайлан хяналт гээд бүх ажлыг нэг байгууллага хариуцах, тэр байгууллага нь одоогийн нөхцөлд төрийн байгууллагын бүтцээрээ манай улсад Сонгуулийн төв байгууллага болох юм байна. Бүртгэлийн байгууллага санхүүгийн болоод бусад байнгын хяналтыг тавих боломжгүй. Бусад улсын туршлага ч ийм байдаг. Эстони улс тусдаа агентлаг байгуулдаг. Гүржид Аудит болон Сонгуулийн төв байгууллага нь хамтарч хянадаг. Канадад Сонгуулийн байгууллага нь хянадаг гэх мэт. Латвид Авлигатай тэмцэх газар нь хатуу хяналт тавьж ажилладаг.
Асуулт: Намыг тараах эрхийг аль байгууллагат өгч байна вэ?
Хариулт: Намыг тараана гэдэг нь эвлэлдэн нэгдэх эрхэд хязгаар тавьж буй үйлдэл. Тиймээс хязгаарлалт тавьж байгаа бол хуулийн маш тодорхой үндэслэлтэй байх ёстой бөгөөд зөвхөн зайлшгүй ноцтой үйлдлээр Үндсэн хуульт ардчилсан тогтолцоонд харшлах үйлдэл хийсэн нь хатуу баримтаар нотлогдох нөхцөлд л тараах учиртай. Хуулийн төсөлд зааснаар Улсын Дээд шүүх бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдан намыг тараах шийдвэрийг гаргана. Харин намыг тараах шийдвэрийг “Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэлд ноцтой аюул учруулах; Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах аливаа үйл ажиллагаа явуулах” зэрэг ноцтой бөгөөд маш тодорхой үндэслэлүүдэд гаргахаар тусгасан. Харин намын бүртгэлийг Сонгуулийн ерөнхий хороо хийнэ. Энэ нь тухайн намын материалын бүрдлийн хяналтыг л хийнэ гэсэн үг. Ийм захиргааны үйл ажиллагааг Улсын Дээд шүүх гүйцэтгэхэд хүндрэлтэй. Ер нь төсөлд тусгаснаар нам үүсгэн байгуулагдахаас эхлээд бүх материал нэг байгууллагат буюу Сонгуулийн төв байгууллагат бүрдэх нь.
Асуулт: Намыг идэвхгүй болгож байгаа нь тарааж байгаа гэсэн үг биш үү?
Хариулт: Биш. Гурван тохиолдолд намыг идэвхгүй гэсэн статуст тооцно.Дээр хоёр нөхцөлийг нь дурдсан. Намын дотоод ардчиллын хүрээнд гишүүдээ хуралдуулахгүй бол, хариуцлагын хүрээнд санхүүгийн тайлангаа ил тод тайлагнахгүй бол гэж. Дээр нь намын ардчилсан тогтолцоонд гүйцэтгэх гол үүрэг болох сонгуульд өрсөлдөх ажлаа хийхгүй бол буюу Улсын Их Хурлын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан нэр дэвшүүлэн оролцоогүй бол идэвхгүй статустай болно.
Намыг идэвхгүйд тооцсон бол тухайн намд олгох төрийн санхүүжилтийг зогсоох юм. Мөн идэвхгүй статустай нам бүх шатны сонгуульд оролцох эрхгүй болно. Гэхдээ гишүүд нь бие даан нэр дэвших эрхтэй. Дээр дурдсан гурван төрлийн зөрчлөө арилгасан тохиолдолд “Идэвхтэй” статустай болох боломжтой. Гэхдээ энэ нь сонгуулийн жилд хамаарахгүй.
Асуулт: Дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байдаг. Намын мэдээллийн хувьд шинэ хуулийн төсөлд нэлээд зүйлийг тусгажээ. Олон улсын туршлага нь ямар байдаг юм бол?
Хариулт: Манай намуудын ихэнх нь бүртгүүлсэн хаяг дээрээ байдаггүй. Нам эвлэлдэн нэгдэхдээ бодлого, үйл ажиллагаа нь ил тод нээлттэй байж, түүнийгээ сонгогчдод таниулж сурталчилж байж дэмжлэгийг нь авна. Түүний тулд ядаж л хаяг нь тодорхой, хэн тэр намыг удирдаж байгаа зэрэг мэдээлэл нь байнга шинэчлэгддэг иргэд сонгогчдод ил байх учиртай. Гэтэл одоогийн хуулийн хүрээнд энэ тодорхойгүй. Канад, Австрали зэрэг улсад, хаягийн шинэчлэлтээ мэдээлээгүй, намын удирдлагын багийнхны мэдээллээ жил бүр шинэчилж тайлагнаагүй, санхүүжилтийнхээ мэдээллийг хуулийн дагуу гаргаж өгөөгүй зэрэг шалтгаанаар тухайн намыг шууд бүртгэлээс хасчихдаг.
Асуулт: Намуудад төрөөс олгох санхүүжилтийн босгыг 2 хувь гэж төсөлд тусгажээ. Үүнийг Сонгуулийн тухай хуульд тусгасантайгаа ижил буюу 3 хувь болгох нь зөв гэдэг саналыг хэлэлцүүлгийн үеэр ярьж байсан. Энэ зөв үү?
Хариулт: Тэгвэл одоо үйлчилж байгаа хуультай ижил буюу зөвхөн парламентад суудалтай намууд л төрөөс санхүүжнэ гэсэн үг. Одоо үйлчилж байгаа хуулиар УИХ-ын нэг суудлыг 10 сая төгрөгөөр тооцож жил бүр санхүүжилт олгодог. Зөвхөн суудлын мөнгө учир УИХ-д суудалтай намууд л жил бүр улсын төсвөөс энэ мөнгийг авна. Гэтэл шинэ хуулийн төсөлд хэдийгээр УИХ-д сонгогдож чадаагүй ч сонгогчдынхоо дэмжлэгийг тодорхой хэмжээнд авдаг намуудад энэ дэмжлэгийг өгөх нь зүйтэй гэж тусгасан. Тэр босгыг 2 хувиар тооцсон. Энэ нь нэлээн өндөр босго учир өнгөрсөн сонгуулиудад намуудын санал авсан үр дүнг харж үзэхэд 4-5 нам л энэ босгыг давж ирсэн байдаг.
Асуулт: Сонгуулийн тухай хуульд заагаад байгаа 3 хувийн босго, Улс төрийн намын тухай хуулийн 2 хувийн босго хоёрын ялгаа нь юу вэ?
Хариулт: Сонгуулийн тухай хуулийн төсөлд заасан босго бол сонгуульд оролцож, санал өгсөн сонгогчдын 3 хувийг авсан тохиолдолд УИХ-д жагсаалтаар орж, суудал авах эрх нээгдэнэ гэсэн үг. Парламентын нам болчхож байна. Төрийн санхүүжилт нь нийт сонгогчдын 2-оос дээш хувийн санал авсан намд олгоно. Сонгуулийн төв байгууллага төрийн санхүүжилтийг аль нам, ямар хэмжээгээр авах болсон талаар олон нийтэд нээлттэй зарлан мэдээлнэ. Мөн “Төрөөс олгох шууд бус санхүүжилт”-ийн хэлбэр байгаа. Энд зааснаар, нийт сонгогчийн нэг хувиас доошгүй санал авсан намуудад жилд нэг удаа хурлаа хийх танхимаар үнэ төлбөргүй хангах, хөтөлбөр үйл ажиллагааныхаа талаарх 30 минутын нэвтрүүлгийг МҮОНТВ-ээр улирал тутамд нэг удаа явуулах зэрэг боломжийг тусгаж өгсөн. Парламентын бус намууд энэ заалтад нэлээд идэвхтэй ажиллаж, хуулийн төсөлд саналаа өгөх нь зүйтэй юм.
Асуулт: Хоёр хувийн босго давсан парламентад суудалгүй нам, олон жилийн туршлагатай МАН хоёулаа төрөөс санхүүжилт авах нь шударга бус зохицуулалт биш үү. МАН гэхэд өөрийн гэсэн ордонтой, аппараттай буюу нэмэлт санхүүжилт олох бүрэн боломжтой байна шүү дээ?
Хариулт: Ийм намд олгоно, энэнд олгохгүй” гэвэл зарчимгүй зүйл болно. Улс төрийн намын тухай хуулийг боловсруулахад баримтлах Венецийн комиссын гаргасан олон улсын зарчмууд дотор үүнийг чухалчилж заасан байдаг. Хууль тэгш үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл, сонгогчийн дэмжлэгийг санхүүжилт олгох шалгуур үзүүлэлт болгоно гэсэн зарчимтай байвал түүнийгээ л дагана. Хөрөнгийн эх үүсвэрийн хувьд хамаагүй хязгаарлалт тавьж болохгүй. Ингэвэл олон улсын стандарттай зөрчилдөх юм. Тиймээс өөрийн хөрөнгөөс олж болох орлогот хязгаар тавьж, “Намын нэг жилд өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого нь тухайн намд олгосон төрийн санхүүжилтийн 50 хувиас ихгүй байна” гэж тусгасан нь шинэ зохицуулалт, дэвшил. Өмнө нь бид огт хянаж чаддаггүй байсан.
Асуулт: Өнөөдрийг хүртэл нэг ч нам, бүр МАН, АН ч санхүүгийн тайлангаа өгдөггүй байсан хэрэг үү?
Хариулт: Өгөхгүй, тийм хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс энэ хуулиар бий болгоод байгаа хэрэг. Татварын байгууллагуудад тайлан өгч байгаа, гэхдээ тэр нь олон нийтэд ил тод биш. Тэгээд олон газар, олон данстай байгаа үгүйг бид мэдэхгүй. Мөн л үүнийг 2005 оны хууль зохицуулаагүй.
Асуулт: Намын дэргэдэх байгууллага гэж заасан нь бас шүүмжлэл дагуулсан. Намын дэргэдэх эмэгтэйчүүд нь нэг зүйл бодоод, залуус нь өөр зүйл бодоод байдаггүй биз дээ гэлээ. Мөн эдгээр байгууллагуудыг намын мөнгө угаах нэг хэрэгсэл, шат дамжлага болгодог ч гэдэг. Эдгээрийг гэтэл хэвээр оруулж ирсэн байх шиг?
Хариулт: Мөнгө угаах хэрэгсэл болгохгүйн тулд нам нэгдсэн нэг тайланг аудитаар гаргана гэж тусгасан. Хэрэв харьяа байгууллага гэж заасан бол санхүүжилтийн тайлан, ил тод байдлын шалгуурууд нь намтайгаа ижил хэмжээнд тавигдах ёстой. Түүнийг энэ хуулийн төсөлд тусгаж өгсөн. Цаашдаа иргэний нийгмийн байгууллагуудын хяналт нэмэгдсэнээр, улам сайжирч хөгжих байх. Өмнөх хуулиар огт зохицуулаагүй орхисноос одоо бидний ярьсаар ирсэн намын санхүүжилттэй холбоотой олон асуудал байгааг энэ мэтээр төсөлд тусгаад байна.
Асуулт: Цаашдаа хуулийн үр дагаврыг хэрхэн төсөөлж байна вэ?
Хариулт: Энэ бол “Шилжилтийн хууль” гэж би харж байгаа. Цаашдаа төрийн санхүүжилт нэмэгдэж, хуулийн этгээдийн санхүүжилт багасах ёстой юм. Азийг харахад Солонгост жишээ нь төрийн санхүүжилт нь жигдрээд ирэнгүүт хуулийн этгээдээс хандив авахыг хориглож байна. Энэ хууль батлагдаад эхний үр дүнгээ өгөх хугацаанд намууд улс төрийн манлайлал үзүүлж институтийн төлөвших алхмуудаа хийж чадвал иргэдээсээ дэмжлэг авдаг болно. Ингэж хөгжих боломжийг нээж өгч байгаа эхний шат нь энэ хууль болох болов уу. Хуулийн этгээдийн намд олгох санхүүжилтийг бууруулж (ингэснээр албан тушаалын наймаа, ашиг сонирхолд өртсөн хууль, шийдвэр гарахгүй байх зэрэг нөхцөл бүрдэнэ), олон олон иргэдээс дэмжлэг авдаг болбол эргээд төрийн санхүүжилт нь буурдаг жишээ Канадад байна. Бид ч аажимдаа хөгжлийн замаар яваасай, олон намын систем ардчиллын жинхэнэ суурь болох хэмжээнд хөгжөөсэй гэж хүсдэг.