Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас санаачлан Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнууд, олон нийтийн дунд үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “НАЙЗ БАЙЯ” нөлөөллийн аяныг Цахим хөгжил, харилцаа холбооны яам дэмжин, хамтран зохион байгуулж байна.
“Найз байя” аяны нээлтийн үйл ажиллагаа нь өчигдөр /2023.04.27/ хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж (Битлзийн хөшөөний урд)-д зохион байгуулагдаж, 200 орчим хүүхэд, 50 орчим эцэг эх асран хамгаалагчид, ЕБС-ийн багш, ажилтнууд оролцлоо.
Судалгаанаас үзэхэд: 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар 26002 дуудлагаас хүүхдийн эрх хамгааллын дуудлага 4002 байгаагаас үе тэнгийн дарамт хүчирхийллийн 110 дуудлага хүлээн авч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн байна. Улаанбаатар хотын 9 дүүрэг, найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлд, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ.
Энэхүү аян нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ноос 2023 оны 06 дугаар сарын 08 хүртэлх хугацаанд үргэлжилж, үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтыг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулах юм.
Эх сурвалж: ЦХХХЯ