Түүхээс харахад тухайн цаг үеийн үйл явдлаас хамаараад энэ асуултын хариулт үргэлж нэг хэвээр, тогтмол байсангүй. 18-19-р зуунд Адам Смит тэргүүтэй ихэнх эдийн засагчид зах зээл ѳѳрѳѳ үр ашгийг бий болгоно гэдэг байр суурьтай байв. Тухайн үеийн дэлхийн эдийн засгийн цѳм Англи, Европт санхүүгийн хямралууд ч түгээмэл байсан. 1930-аад онд Америкт Их хямрал болж, 4 хүний 1 нь ажилгүй болсноор “макро эдийн засгийг удирдах тѳрийн бодлого чухал” гэдэг Кэйнсийн үзэл хүчтэй гарч ирсэн байдаг. Дэлхийн 2 дугаар дайны үед бол эдийн засаг дахь нѳѳцийн хуваарилалт, үйлдвэрлэлийг бүх улс орнуудад тѳрѳѳс удирдаж байсан. Харин энх тайван цаг үргэлжилснээр 70-aaд оноос эргээд чѳлѳѳт зах зээлийг эрхэмлэх үзэл түгээмэл болж, Милтон Фрийдман тэргүүтэй эдийн засагчдын байр суурь чухал болсон. Санхүүгийн зах зээл дээрх зохицуулалтууд сулран либералчлагдаж, тарифууд суларснаар дэлхийн худалдаа тэлж байв. Хүйтэн дайн дуусаж, 90-ээд оноос соц орнууд шилжилт хийснээр глобалчлал эрчимжив. Харин 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямрал ялангуяа орлого багатай хүмүүст хамгийн хүндээр тусав. Улмаар Стиглиц тэргүүтэй эдийн засагчид неолиберализмыг хурцаар шүүмжлэх болсон.

Зах зээлийг, эдийн засгийг тѳрѳѳс оновчтой зохицуулахгүй бол хүнд хямрал үүсэх, эдийн засаг ѳслѳѳ ч баян хоосны ялгаа гүнзгийрч популизм газар авах гэх зэрэг асуудлууд анхаарлын тѳвд орж ирсэн.

Харин Ковид 19-ийн хямрал аль хэдийн ѳрнѳж эхлээд байсан протекционист бодлогуудыг хурцатгах, эдийн засагт тѳрийн оролцоог илт нэмэгдүүлж байгаа.

Тэгвэл энэ үед эдийн засагчид юу ярьцгааж байна вэ? Чилийн сангийн сайд асан A.Velasco эдийн засгийн хямралын үед төсвийн бодлого маш чухлыг онцолж буй. Эдийн засаг гэх машиныг асаахад зээлээр дамжиж хэрэгждэг мөнгөний бодлого чухал ч, цааш явахад хөрөнгө оруулалтууд маш чухал гэдэг санааг илэрхийлсэн. Ковид шиг нийт эдийн засгийг хамарсан шокийн үед хувийн сектор зээл авлаа ч хөрөнгө оруулалт хийх аргагүй, үүнийг зөвхөн төсвийн бодлогоор хийх боломжтой. Энэ үед төсвийн хөрөнгө оруулалтууд үр ашигтай байж чадах уу гэдэг чухал асуулт. Кейнс судлаачдын нэг R.Skidelsky crowd-оut буюу тѳрѳѳс хийх хөрөнгө оруулалт хувийн хөрөнгө оруулалтыг шахан зайлуулдаг гэх үзэл онолын хувьд ч, практик дээр ч үгүйг олон жишээгээр энд тайлбарласан. Тухайлбал Америкийн Засгийн газрын сансрын технологи, интернэт, тооцоолон бодох технологид хийсэн их хөрөнгө оруулалтууд одоогийн Google, Facebook, Amazon шиг компаниуд үр ашигтай бизнес хийх фундамент нь болсон гэжээ. Гэхдээ

21-р зууны эдийн засагт тѳр хөрөнгө оруулалт хийхдээ Кэйнсийн үе шиг зам барилга барьж одоогийн статистик дээрх ажлын байр өсөлтийг бий болгох бус, харин улс орны ирээдүйн өрсөлдөх чадварыг дэмжих стратегийн хөрөнгө оруулалт чухал.

Эдийн засагч Б.Түмэнцэнгэл

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн