Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа засаг захиргааны анхан шатны нэгж нийслэлийн хороодын удирдлагуудтай хийлээ.
Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мөн 30 гаруй хорооны Засаг дарга нар оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн “Хот хөдөөгийн сэргэлт” түүний зорилго, зорилтыг Ерөнхий сайд танилцуулж, Засгийн газраас нийслэлд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон хороодод тулгамдаж буй асуудал бэрхшээлүүдийн талаар санал солилцов.
Авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, төрийн албан хаагчдын хүнд суртлыг арилгах зэрэг асуудал, төрийн гүйцэтгэх эрх мэдлийн болон бусад дээд байгууллагаас батлан хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагаа үр дүнтэй байх эсэх нь засаг захиргааны анхан шатны нэгж “Хороо” болон хорооны Засаг дарга нарын авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанаас шууд хамаардаг. Засаг төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахад тэдний үүрэг, оролцоо чухал үүрэгтэйг Ерөнхий сайд онцолсон юм. Хороодын дарга нар гэр хорооллын иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар Ерөнхий сайдад уламжиллаа. Ялангуяа, алслагдсан гэр хорооллын эрчим хүчний хүчдэлийн уналтыг шийдвэрлэх, дахин төлөвлөлт, газар олголт, дэд бүтцийн ажлуудыг эрчимжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэллээ. Мөн хороодод ажиллах хүний нөөц дутагдалтай, төрийн болон улс төрийн албан тушаалын ялгаа заагийг тодорхой болгох, цалин хангамж бага, нийгмийн асуудал зэргийг хөндөөд эдгээрт анхаарч өгөхийг Ерөнхий сайдаас хүсэв.
Засгийн газраас нийслэлд шинээр байгуулж буй зургаан дэд төвд түшиглээд гэр хорооллыг хөгжүүлэх, иргэд төрийн үйлчилгээг эдгээр төвөөс авдаг байх, дэд төвүүдийн цэвэр, бохир усны шугам, авто зам, гүүр зэрэг дэд бүтцэд суурилж гэр хорооллыг хөгжүүлэх, орон сууцжуулах зорилтыг тусгасан “Гэр хорооллын сэргэлт” дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр онцоллоо. “Боомтын сэргэлт”-ийг Засгийн газраас хэрэгжүүлж өнгөрсөн нэг, хоёр жилийн хугацаанд үр дүн гаргаж чадсан. Үүн шиг гэр хорооллыг хөгжүүлэх, богино хугацаанд бодит үр дүн гаргах боломжтой. Ингэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалтаас эхлээд анхан шатны нэгжид ажиллаж байгаа хүний нөөц, орон тоо,цалин хөлсний судалгаа зэргийг нарийвчилж гаргах шаардлагатай. Үүнд үндэслээд асуудал бүрийн шийдлийг тал талаас нь төлөвлөх байдлаар бодит үр дүн гаргах нь чухал гэв.
“Өглөөний уулзалт”-ын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ” шинэ дэд төвийн дулааны станцын үйл ажиллагаатай танилцав. “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт Улаанбаатар хотыг найман бүс бүхий 47 нэгж хороолол, зургаан дэд төв, хоёр хотын төвтэй байхаар төлөвлөжээ. Үүний нэг нь нийслэлийн гэр хорооллын хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой “Сэлбэ” төв аж. Сүхбаатар дүүргийн 13, 14-р хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18-р хорооны нутагт 156 га газарт байгуулсан байна. Одоогоор “Сэлбэ” дэд төвийн хүрээнд 6.8 км авто зам, гурван гүүр, цэвэр, бохир усны шугам, 29 аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, орон сууц зэрэг нийгмийн барилга, байгууламжийг төвлөрсөн дулаанд холбожээ. “Сэлбэ” дэд төвийн дулааны станцыг 2021 онд ашиглалтад оруулсан байгаа аж.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар