Европ, Америк, Азийн гол эдийн засгуудад элитүүдээ хэрхэн бэлддэг, улс орныг нь хэн удирддаг вэ?
1.Европ: Их Британийн элитүүд
Англид нийгмийн элитүүдийг Оксбридж (Oxford & Cambridge) бэлддэгээрээ алдартай ч оюутнууд нь дотроо 2 ялгардаг байна:
а) Угсаатан гаралтай, язгууртны акценттай, хичээл биш нетворк, илтгэх урлагт гол анхаарлаа хандуулаад ирээдүйд улстѳрч болдог хэсэг. М.Тэтчер, Т.Блэйр, Д.Камерон, Т.Мэй бүгд Оксфордын “бүтээгдэхүүнүүд” юм.
б) Дундаж давхаргаас гаралтай сайн толгойнууд, хичээлээ хийгээд корпорейт карьер & сайн цалинд хүрдэг хэсэг.
Элитүүдийг бэлдэх “ажил” аль бага наснаас эхлэх бѳгѳѳд “Этон коллеж” хамгийн алдартай нь. Хичээлийн шинэ жил эхлэхэд 260 орчим хүүхэд Харри Поттер шиг чемоданаа бариад сургуульдаа очно. Дүрэмт хувцас нь урт хормой & хантаазтай пиджак, судалтай хар ѳмд, босоо захтай цагаан цамц, зангиа. Төлбөр жилийн £42,000. Принц Виллиам болон Харри, эдийн засагч Жон Кейнс, мѳн Британийн үе үеийн 20 ерѳнхий сайд Этоны тѳгсѳгчид. Одоогийн Ерѳнхий сайд Б.Жонсон ч бас “Этон-Оксфорд (а)” замаар явжээ.
2.Америк: Орлогын тэгш бус байдлаас боломжийн тэгш бус байдал
Америк харьцангуй залуу улс учраас “Хѳгшин Европ” шиг нийгмийн статус нь хатуу тогтож, угсаа гарал нь акцент хүртлээ ялгарахгүй ч “Топ 0.01%”-д эд баялаг, эрх мэдэл төвлөрдөг нь факт юм. Америк өрхүүд $100 триллион орчим хѳрѳнгѳтэй, үүний 1/3-ийг Топ 1%, 3/4-ийг Топ 10% нь эзэмшдэг бол ердѳѳ 1% нь “Ёроолын 50%”-д ногддог. Топ 1% нь дотроо дахиад 4 хуваагдах бѳгѳѳд $300 саяас дээш хѳрѳнгѳтэй Топ 0.01%-т багтах 1600 ѳрх бизнес болоод улстѳрд маш их нѳлѳѳтэй.
Нийгмийн топ давхарга руу “Ivy league”-ээс Цахиурын хѳндий, Wall Street-ээр дамжаад шат ахих боломж уул нь нээлттэй. Гэхдээ престиж их сургуулиудын санхүүгийн нэг чухал эх үүсвэр нь хандив байдаг, энэ нь элсэлтийн үед чинээлэг айлын хүүхдүүдэд илүү боломж олгож байна гэдэг шүүмжлэл түгээмэл. Тѳгссѳний дараа ч санхүүгийн дарамтгүй айлын хүүхдүүд цалингүй интерншипээр дамжаад ирээдүйтэй ажлыг хайж олох боломжтой бол оюутны зээлтэй “ардын хүүхдүүд” нь олдсон ажлаа хийж, тэр сонголт нь “мухар гудамж” байх тохиолдол цѳѳнгүй. Орлогын ялгаа боломжийн ялгааг үүсгэснээр Б.Обама, С.Жобсыг гаргаж ирсэн мерит тогтолцоо бүдгэрэх эрсдэлтэй гэгдэх…
3. Ази: Япон
Японы нийгэм II дайны дараа “сайн сэгсрэгдсэн” тул хѳгжсѳн бусад орнуудтай харьцуулахад тэгш бус байдал бага. Нэг онцлог нь корпорейт, тѳрийн алба болон улстѳрийн карьер хоорондоо ѳндѳр бѳгѳѳд зузаан ханаар тусгаарлагдана. 120 сая хүнээс шилдгүүд нь “ichi-ryu” буюу “1 дүгээр зэрэглэлийн” гэгдэх хэдэн их сургууль тѳгсѳѳд том корпорациуд эсвэл тѳрийн албанд орж зүтгэдэг. Харин улстѳрд нетворк, хамаатан садангүй хүн амжилт олохгүй; үе дамжсан улстѳрч “хөх цус”-тай гэгдэх хүмүүс улс орныг удирдах замыг сонгодог. Мори, Коизүми, Асо, Фүкүда, Абэ гээд ерѳнхий сайдууд бүгд үе дамжсан алдартай улстѳрийн гэр бүлээс гаралтай.
Японы улстѳрд орох ѳѳр нэг тийз нь Мацүшита Сэйкэй Жүкү гэдэг. Ур чадвартай, ирээдүйн улстѳрийн лидерүүдийг бэлтгэх зорилгоор Панасоник корпорацийг үндэслэгч К.Мацүшита уг сургуулийг анх байгуулжээ. 22-35 насны залуус үндсэн ажлаа орхиод 4 жил энд сурч, дотуур байранд цуг амьдарцгаана. Ѳглѳѳ бүр 6 цагт босоод дасгал хийнэ, ѳдрийн эхний ажил нь цэвэрлэгээ. Хоол үнэгүй, сургалтын тѳлбѳр үнэгүй, дээр нь сард $2000 амьдрах зардал олгоно. Сургалтын програм эхний 2 жил судалгаан дээр, сүүлийн 2 жилд дадлага, практик дээр тѳвлѳрнѳ. Японы ерѳнхий сайд асан Ё.Нода болон цѳѳнгүй орон нутгийн удирдлага, захирагчид уг сургуулийг тѳгссѳн байдаг.
Ер нь ямар ч ажилд сайн бэлтгэгдсэн менежер чухал боловч тувт элит замаар явах нь анх тѳрѳхдѳѳ тодорхой болчихсон цѳѳн хүмүүс л улс орны толгойд суудаг чансгүй нийгэм байвал сайн гэх аргагүй. “Ёроолоос эхлээд оройд хүрэх” нь соц үеийн романтизм бѳгѳѳд бодит амьдрал дээр энэ магадлал маш бага. Авьяастай хүн шударгаар хөдөлмөрлөвөл ямар ч боломж нээлттэй нийгэм хамгийн хүсүүштэй.
Эдийн засагч: Б.Түмэнцэнгэл