Шилжилтийн нас сүүлийн үед залуужиж 9 наснаас эхэлдэг болсон бөгөөд 24 нас хүртэл үргэлжилдэг билээ. Бидний уураг тархи хойноосоо урагшаагаа чиглэн хөгждөг бөгөөд тархины хөгжил 24 нас хүртэл явагддаг тул тархины хөгжлөөр бол хүн 24 хүрээд насанд хүрдэг гэж хэлж болно.
Шилжилтийн насанд тархины хөгжил хурдацтай явагддаг бөгөөд тэдний хувьд насанд хүрсэн хүмүүсийнхтэй адилхан сэтгэн бодох тархины духны муж нь хараахан хөгжөөгүй байдаг тул аливаа зан үйлийн үр дагаварыг тооцохгүйгээр заримдаа сэтгэл хөдлөлөөр аливаад хандах нь түгээмэл тохиолддог билээ. Тиймээс дараах мэддэг, энгийн хирнээ тархины үйл ажиллагаанд чухал зүйлсүүд нь сурлагын амжилтад нөлөөлдөг юм шүү!
Сайн унтаж амраах
Судалгаагаар шилжилтийн насныхан өдөрт 7 цаг түүнээс бага унтдаг гэсэн тооцоо гарчээ. Гэвч тэдний хувьд өдөрт дундажаар доод тал нь 9 цаг болон 9 цаг 30 минут унтах шаардлагатай байдаг байна. Нойр дутуу сурагчид хичээлээс хоцрох, таслах, сурлагын амжилт сайн үзүүлдэггүй гэсэн судалгаа байдаг.
Түүнчлэн анхаарал төвлөрөхгүй байх, хичээл дээр унтах, ой тогтоолт муудах, бүтээлч сэтгэлгээ буурах зэрэгт нөлөөлдөг. Үүгээр зогсохгүй сэтгэл санаа тогтворгүй уур уцаартай байх, хүний хэлсэн зүйлсэд эмзэг хандах гэх мэт нөлөөлдөг.
Зан үйлдэлд ч мөн нөлөөлж эрсдэлт зан үйл хийхэд хүргэдэг байна. Тиймээс унтлагын тогтмол хуваарьтай болох нь туслах бөгөөд амралтын өдрүүдээр хэтрүүлж унтахгүй байх нь чухал байдаг. Мэдээжийн хэрэг орой интернет утасны хэрэглээг хязгаарлах нь туслана.
Эрүүл хоол хүнс идүүлэх
Шилжилтийн насны хүүхдүүдийн хоол идэх дуршил нэмэгддэг тул ялангуяа эрүүл бус хоол хүнс болон газтай ундаа, түргэн хоол, сахар ихтэй бүтээгдэхүүн гэх мэтэд дурлах хандлагатай байдаг.
Өглөөгүүр хичээлдээ явахаас өмнө өглөөний цайгаа уухгүй явах, өдөрт гурваас доош хооллох ба ус хангалттай уухгүй явах нь элбэг байдаг. Тиймээс хүүхдүүддээ эрүүл хоол хүнс хийж идэх талаар нь зааж сургах, хоолны дундуур жимс, самар идүүлэх, хангалттай ус уух зэргийг хэвшүүлэх нь амжилттай суралцахад нөлөөлдөг. Үдийн хоол хөтөлбөрийг зөвхөн бага ангиудад бус дунд ахлах ангиудад хэрэгжүүлэх нь зүйтэй.
Аль болох хөдөлгөөнтэй байлгах
Бид хэдий чиний хөдөлнө төдий чиний бидний тархинд бидний сэтгэл санааг өөдрөг байлгадаг серитонин мэдрэлийн эс дамжуулагч ялгарч байдаг. Улмаар хичээлдээ дур сонирхолтой байж зорилгодоо хүрэхэд тусалдаг. Сэтгэл санаа хэдий чиний тогтвортой өөдрөг байна төдий чиний хичээл сурлагадаа анхаарч гүйцэтгэл сайжирдаг.
Судалгаагаар долоо хоногт 3-4 удаа 45 минутаар алхах юмуу өөр дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэл гутралаас ангижруулдаг гэдгийг тогтоожээ.
Сургууль нь алхахад ойрхон бол алхуулах, дугуй унах, найз нөхөдтэйгөө сагс хөл бөмбөг тоглоход нь дэмжих нь тустай.
Харилцаагаа эрүүл байлгахад нь анхаарах
Шилжилтийн насныхны сэтгэл санааг хамгийн их зовоож шархлуулдаг зүйл бол харилцаа, үеэрхэл нөхөрлөлийн асуудал байдаг. Энэ үед эцэг эх нь үглэж янших, заавар чиглүүлэг өгөх харилцаанаас илүү хүүхдийнхээ хийх дуртай зүйлийг хамтдаа хийх үүнд зөвхөн кино үзэх биш хамтдаа ямар нэгэн зүйл хийх тухайлбал: дугуй унах, алхах, рольк унах, агаарын теннис тоглох, хамт уран зураг зурах, шаазан хийх, хоолонд орох гэх мэт нь дотно яриа өрнүүлэх боломж олгодог.
Хүүхдэдээ хэдий чинээ сонсож ойлгох цаг гаргана төдий чинээ сэтгэл санаа тайван аливааг хийх дур сонирхолтой болоход нөлөөлдөг. Найз нөхөдтэйгөө хамт цаг өнгөрүүлэх боломжийг нь олгох нь чухал юм. Үерхэл нөхөрлөлийн харилцааны талаарх ойлголтыг өгч эрүүл харилцааг бий болгоход ямар хил хязгаар байдгийг ярилцах нь тустай.
Сэтгэл Зүйч Т. Хонгорзул