Улсын Их Хурлаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2023.04.18) хуульч, судлаачдын төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль, эрх зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Их сургуулийн Эмерит профессор, академич С.Нарангэрэл, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор, профессор Н.Жанцан, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дипломатч Ц.Гомбосүрэн, Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Очирхүү, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн,Философийн ухааны доктор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Ардын Их Хурлын депутат, Үндсэн хууль судлаач Д.Ламжав, Хууль зүйн ухааны доктор, хуульч, судлаач Б.Гүнбилэг, Монгол Улсын Их сургуулийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, профессор, судлаач Д.Бумдарь нар оролцов.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулж, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн намын тухай хуулийн төслүүд чухал ач холбогдолтой болохыг онцолсон. Улсын Их Хурлаас хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүдийг энэ долоо хоногт байгуулах бөгөөд эдгээр ажлын хэсгүүдэд орж ажиллахыг урив.
Мөн тэрбээр, “Мөнгөний” сонгуулийг өөрчилж, намын дотоод ардчиллыг бэхжүүлж, бодлогын намуудыг төлөвшүүлэх, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох замаар хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхийг зорьж байна. Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулиуд салшгүй холбоотой учраас тунхгийн шинжтэй хууль батлахаас зайлсхийж, процесс бүрийг нарийвчлан тусгахад эрдэмтэн судлаачид, хуульчдын саналыг сонсох ёстой гэдгийг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн нэгдэл болох улс төрийн намын эрх зүйн шинэтгэлд анхаарал хандуулж парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар захирамжаар байгуулсан гэв. Уг ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулах хүрээнд парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллийг хангасан 14 удаагийн хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага хийсний зэрэгцээ Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 улс төрийн намаас санал авчээ.
Хуулийн төсөлд,
- улс төрийн намын хариуцлагыг дээшлүүлэх,
- улс төрийн нам бодлогын институт болон төлөвших,
- намын санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах,
- намын гишүүдийн тэгш оролцоог хангах,
- улс төрийн намуудын дотоод ардчиллыг хөгжүүлэх зэрэг үндсэн таван онцлох зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан уулзалтад оролцогчид байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Очирхүү, Үндсэн хууль судлаач Д.Ламжав нар “Улс төрийн намын хатуу гишүүнчлэлийг зохицуулж байгаа нь зүйтэй. Сонгуулийн ерөнхий хороонд аливаа улс төрийн маргааныг хянан шийдвэрлэх бие даасан бүтцийг оруулах хэрэгтэй” гэв.
Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Философийн ухааны доктор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Улс төрийн намын тухай хуулийн төслийн хүрээнд том шинэчлэл хийгдэхээр байгааг онцлоод тунхгийн шинжтэй хууль болохоос сэргийлж, процессын нарийвчилсан зохицуулалтыг оруулах ёстойг хэллээ. Мөн хуульч Б.Гүнбилэг хуулийн төсөлд улс төрийн намуудын дүрэмд зааж болох, эс болох асуудлуудыг тодорхой тусгахгүй бол Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрх мэдэлд халдах эрсдэл үүсэж болзошгүйг хэлсэн юм.
Харин академич С.Нарангэрэл ард түмнийг төлөөлөх чадвар бүхий нэр дэвшигчидтэй байх нь улс төрийн намуудын гол зорилго учраас хүний нөөцийг чадавхжуулах, дотоод ардчиллыг бэхжүүлэх тодорхой зохицуулалтыг хийх шаардлагатай талаар байр сууриа илэрхийлсэн.
Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор, профессор Н.Жанцан, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дипломатч Ц.Гомбосүрэн нар хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, улс төрийн намуудын тогтворгүй байдлыг халах хууль болох ёстой. Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах чиглэлд гол анхаарлаа хандуулах нь зүйтэй гэлээ.