Монголын сагсан бөмбөгийн Үндэсний эрэгтэй Дээд лигийн плей-оффын финалд учраа таарсан Эрдэнэтийн Уурхайчид – Тэнүүн Өлзий Металл багуудын цувралын дөрөв дэх тоглолт өчигдөр болж өндөрлөлөө.
Цувралд гурав дараалан хожиж илүү гэдгээ харуулсаар ирсэн Уурхайчид энэ удаад ч илүү тоглож 88-85 харьцаагаар хожсоноор цувралд 4-0 харьцаагаар ялж, анх удаа Дээд лигийн аварга боллоо.
Өнгөрсөн жил байгуулагдаж, тухайн жилдээ финалд шалгарсан ч Хасын Хүлгүүдэд хожигдоод байсан тэд энэ удаа даагаа нэхэж аваргын цомыг хүртсэн бөгөөд плей-оффд нэг ч хожигдолгүйгээр дуусгаж шинэ амжилт тогтоов.
Харин Завхан Бродерс, Архангайн Дайчид зэрэг хэцүү өрсөлдөгчдийг хүндхэн цувралын эцэст ялж финалд шалгарсан Тэнүүн Өлзий Металл баг дөрвөн тоглолтын турш торгуулийн шидэлтээ тааруу шидсэн нь хожилд хамгийн их нөлөөлсөн.
Эмэгтэй Дээд лигийн тоглолтууд 3-1 харьцаагаар Улаанбаатар Амазонс багийн давамгайлал дор үргэлжилж байна. Хоёр багийн цувралын тав дахь тоглолт маргааш буюу энэ сарын 18-нд болох ба М Гарьд баг цувралд үлдэх эсэх нь тус тоглолтоос шалтгаална.