Хотын дарга Д.Сумъяабазар экс дарга С.Амарсайхантайгаа хөнжилдөө хөлөө жийлцэж, тулга тойрсон хэрүүл хийсэн эдгээр өдрүүдэд Улаанбаатар хот өнөө л амьдрахад хамгийн таагүй газар хэвээрээ. Улам дордсон уу гэхээс дээрдсэн зүйлгүй хөглөрсөөр… Коммунист нам “ардчилал”-ийн баг зүүгээд 100 жил болж, шийдвэр гаргах түвшинд 7 жил ажиллачхаад “нийтийн тээвэр муу байна” гэхээр сүүлийн жилүүдэд нийтийн тээвэрт парк шинэчлэл хийгдээгүй гэсэн тайлбар хийгээд сууж буй.
“Чи муу ажиллаад байнаа” гэхээр “Харин тийн би муу, муу” гээд хээв нэг хэлээд сууж байдаг ажилтанг хувийн хэвшилд бол шууд халчхаж болмоор боловч төрийн албанд энэ нь хэвийн үзэгдэл байгаад зогсохгүй, харин ч юм хийхгүй байх нь үлдэх,тэсэх боломж болдог нь халагламаар.
Иргэд автобусандаа багтахгүй алхаж байхад саяхан л “Хэмнэлтийн хууль” баталж байсан төрийн албанд дарга нар нь хэдэн мянган “жийп” машин хөлөглөсөөр.
Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж автобусны тоо, чанарыг сайжруулахаар ажиллаж байна гэж албаныхан мэдэгдээд буй. Улаанбаатарт 1400 орчим автобус үйлчилгээнд явж байж хүрэлцээтэй байх боловч өнөөдөр 1000 ч хүрэхгүй автобус нийтийн тээвэрт явж байна. Автобусны хүрэлцээгүй байдлаас болж ажил эхлэх, тарах үеүдэд ачаалал, хүндрэл үүсч олон нийтийн бухимдлыг төрүүлдэг.
Оюутан хүний хувьд байнга нийтийн тээврээр үйлчлүүлдэг бөгөөд автобусандаа багтахгүй байх, багтсан ч тав тухгүй байх нь хэвийн, энгийн үзэгдэл мэт болсныг баттай хэлж чадна. Товчхондоо хотын асуудал хол мартагдаж, хотын дарга “хэрэлдэж” л суугаа дүр зураг үүсээд байна.
Энэ оны эхээр нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж эхэлж автобусны тоо чанарыг сайжруулж ажиллаж байгаа гэсэн мэдэгдэл хийсэн. Улаанбаатар хотод нийт 1400 автобус үйлчилгээнд явбал хүрэлцээтэй гэсэн судалгаа байдаг. Одоогийн байдлаар 998 автобус үйлчилгээнд явж байгаа аж. Гэвч иргэдэд хүрэлцээтэй байгаа нь тун ховор. Ажлын ид ачаалалтай үеүүдэд автобус хүлээж цагаа алдах, ирсэн автобусанд нь суух, суугаад зорчих нь иргэдийн хувьд хамгийн асуудалтай хүндрэлтэй үеүд байдаг.Тиймээс бид өглөөний ачааллын үеийн автобусан дахь үйл явцаас сурвалжиллаа.
Шархадны эцсийн буудал дээр өглөөний 07:30 цагийн үед 30-аад хүн зогсож байв. Бид шархад -3,4 хороолол буюу Ч2 дугаартай автобусанд суулаа. Уг чиглэлд 21 автобус үйлчилгээнд явдаг байна.Тэнд байсан бараг бүх хүн л энэ автобусыг хүлээж байсан аятай. Бүгд уралдан гүйж, чихцэлдэн орохоор дайрцгааж байлаа. Эхний буудал учраас бараг л хамгийн сүүлд нь оров. Суудал дээр арай ахимаг насны хүмүүс нь сууцгаасан харагдана.Хамгийн арын таван хүний суудал “өмчилчихсөн” юм шиг дан хүүхэд залуус суучихжээ. Голоор нь хүмүүс бариулаас барьж сандал түшин зогсоцгоож байв..
16 хорооллын буудлаас 20иод хүн суухаар шахцалдан зогсоно.Одоо л ёстой бүгд нэг суусан газраа, нэг барьсан газраа алдахгүйн тулд тэмцэлдэнэ.Тус өрнөл дунд буй оюутан охиноос тодруулав.Тэрээр”өглөө бүр ингэж явах үнэхээр хэцүү байдаг.Баахан хүн шахцалдаад хувцас энд тэндээс татагдаж урагдах тохиолдол гарч байсан.Буугаад харахад гутлан дээр хүмүүсийн гишгэсэн мөр үлдчихсэн байдаг.Янзалсан үс нүүр хамаг байдгаараа л арзайчихдагдаа”гэв. Халаасны хулгай,агаарын дутагдал гэх зэрэг нь нийтийн тээврийн энгийн үзэгдэл болоод байгаа юм.Мөн охид эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн тохиолдол ч олон байдаг аж.
Офицер дээрээс нэлээд олон хүн сууж автобус дүүрч ёстой л хөлөө хөдөлгөх зайгүй боллоо.Автобус хоорондын явах хугацаа найман минут байдаг.Гэвч түгжрэлээс хамаарч 20,30 минут болох үе олон хэмээн жолооч Г ярив.Олон хүн шахцалдсаны улмаас агаар дутагдаж амьсгалахад хэцүү болох үе ч олон тохиолддог аж.Ийм зүйл тохиолдсон оюутан охин Х ярихдаа” Олон хүн дунд агаар дутагдаж, амьсгалж чадахгүй болоод жолоочдоо хэлсэн ч сонсоогүй.Нэг мэдэхэд л ухаан алдаад сэрж байсан.Ер нь л автобусанд явахад их хүндрэлтэй асуудал олон байдаг “гэлээ. Дараагийн зогсоолыг зарлахад буух хүмүүс хойно урдаас хаалга руу ойртоцгооно.Амь тэмцэх шиг үүнээс л буучихвал эрх чөлөөтэй болно.Энэ хүмүүсийн дундуур л гарчихвал сая нэг хаалганыхаа барааг харж амарна гэх бодлоор бүгд дайрцгаана. Тэр хүртэл их ч хол,их ч хүмүүсийг зөрөх хэрэгтэй.Буух хүмүүсийн хөлд үрэгдчихгүйхэн шиг ,хувцас хунар цүнх саваа урчихгүйхэн шиг зөрөхийн тулд хамаг хүч чадвараа зарцуулах энүүхэнд.Ёстой л автобуснаас л буучихвал бусад нь хамаагүй ээ гэж дор бүрнээ боддог байх. Гэвч бүгд ажил амьдрал,сургуульдаа яарч байгаа хүмүүс юм.Тус автобусны жолооч “Өмнөх үеүдээ бодоход автобус их болсон ч түгжрэлээс хамаарч хоорондын зай холдсон учраас нэг удаад суух хүний тоо нэлээд олон байдаг. Багтах ч хэцүү зарим нь бүр хаалганд хавчуулагдах нь холгүй арай ядаж багтаж суудаг” хэмээн ярилаа. Ингэж явсаар Жуковын автобусны буудал дээр зогсоход хаалганаас холдож чадаагүй жижиг биетэй туяхан охин бөөгнөрсөн буух хүмүүсийн түрлэгээр зөрж чадалгүй буучихлаа.Бүгд буусны дараа нөгөө охин арын хаалгаар ууртайхан гэгч нь орж ирээд амандаа үглэн зогсож байгаа харагдана.Их хүн дундаа зөрж чадаагүй үлдсэн буух ёстой байсан залуус”жолоочоо байж байгаараа бууна шүү”хэмээн хашхирч ёстой л амьд үлдэхийн тэмцэл дундуур гарч байгаа мэт чихсээр урагшаа тэмүүлсээр сая нэг буулаа.Нээх сайхан амьсгаа авч буй харагдана.Мэдээж автобусны буудал дээр зогссон учир буусан хүмүүсийг нөхөж суух хүмүүс хаалган дээр зогсоно.Ойролцоогоор 20иос 25 орчим хүн байв.Офицероос багшийн дээд хүртэл буудал бүр дээрээс ийм тооны хүн сууж байлаа.Энэ дундаас багтаж сууж чадсан 10аад хүн байхад үлдсэн хүмүүс нь уруу царайлж буцна.Дараагийн автобус иртэл бас л их хугацаа шүү 20-30 минут хүлээх энүүхэнд.Харин багтаж сууж чадсан хүмүүс азын од шүүрсэнтэй ялгаагүй .40иөд насны эрэгтэйгээс нөхцөл байдлын талаар асуухад тэрээр “Өглөө бүр энэ дугаарын автобусанд суудаг.Арайчүүл гэж багтдагдаа.Сууж чадсандаа ч баярлана шүү.Хүний тохойд элэг бөөрлүүгээ цохиулах үзэгдэл байдаг л зүйл болоод байна.”гэлээ.Олон хүний шахцалдаан дунд бие биенээ цохих,түлхэх зэрэг бие махбодын хүчирхийлэл энгийн тохиолдол болоод байгаа аж.Үүгээр ч зогсохгүй шахцалдааныг далимдуулж охид эмэгтэйчүүдийн биед санаатайгаар хүрч илж таалах , барих зэрэг ч элбэг байдаг байна.Бараг өдөр бүр гэхэд хилсдэхгүй.Нийтийн тээврээр зорчигч арван эмэгтэйн найм нь уг тохиолдолд орж байсан гэсэн ба давтамжтайгаар олон удаа өртсөн ч байдаг байна.Энэ тухай С”Автобусанд зогсоод явж байхад ард 40иөд насны ах зогсоод хүзүү рүү хүчтэй хүчтэй амьсгалаад гэнэт өгзөг хэсгээр барьж илж байсан.Тэр үед хашхираад маш их айж уйлаад бууж байсан.Их хүнтэй шахцалдаж явдаг учраас санаатай болон санаандгүйгээр иймэрхүү асуудал нэлээд тохиолддог.”гэлээ.Мөн М”30 орчим насны эрэгтэй зай байхад биед наалдаж зогсоод,хүрээд байхаар нь холдсон.Гэвч араас дагаж ирж зогсоод биед албаар хүрээд байсан.Тэр үед маш их айсан”гэв. Энэ мэт жишээгээр охид эмэгтэйчүүд нийтийн тээврээр зорчихдоо санаатай болон санаандгүй байдлаар бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа юм.
Автобусанд Суух хүмүүсээ бүгдийг нь багтаахын тулд жолооч “яваад өгөөрэй голоороо сайн яв л даа”хэмээн чангаар дуугарна.Жолоочийн дууг авалцаад 50 дөхсөн үү гэмээр нэгэн эмэгтэй” зайгаа сайн шахаад өгөөчээ, зогссон л бол болоо гэсэн шиг байцгаах юмаа,эргэх зай алга,шахцалдаад хэцүү байна”гэж зорчигчдод уурлана.Гэвч эргэх байтугай зогсож ч чадахгүй бараг хөл нь агаар дээр явж байж ч магадгүй хүмүүс олон байв. Ингэж явсаар багшийн дээдийн автобусны буудал дээр олон хүн бууж сая нэг зөрөх зай амьсгалах агаартай болцгоов.
Нийтийн тээврийн хүрэлцээгүйгээс олон хүний шахцалдаан дунд өглөө орой бүр охид эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа нь ноцтой асуудал болоод байгаа юм.Гэвч үүний талаар гомдол гаргаж, хэнд хандахаа мэдэхгүй орхисоор байна. Иймд нийтийн тээврийн хүрэлцээнд анхаарахгүйгээс автобусан дахь бэлгийн хүчирхийлэл энгийн үзэгдэл болж даамжирсаар байгаад иргэд гомдолтой байна.
Сэтгүүлч Г.Оюунгэрэл