Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал ба Зээлийн батлан даалтын сангийн оролцоо” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг Блью скай тауэр, Эмералд хурлын танхимд эхэллээ.
Сургалт, хэлэлцүүлгээр хүнс, хөдөө аж ахуйн салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид батлан даалттай зээлд хэрхэн хамрагдах болон боломж, шийдлийг танилцуулж, санал бодлыг нь сонсож байна.
Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой байгууллага юм.
Тус сангаас :
- Банк бус санхүүгийн байгууллага:
- Зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид батлан даалт гаргадаг. Батлан даалт авах аж ахуйн нэгж, иргэн нь батлан даалтын нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, банк бус санхүүгийн байгууллагын зээл олгох шалгуур үзүүлэлтийг хангасан бол хүсэлтээ банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан гаргана.
- Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалт:
- “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” МОН-3338 төсөл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 2016-2021 онд хэрэгжинэ. Зээлийн барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид батлан даалт гаргана.
- Ажлын байрыг дэмжих батлан даалттай зээл:
- Монгол Улсын Засгийн газар 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө” баталсан. Үүнд тусгасан жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, зорилготой хоёр их наяд төгрөгийн санхүүжилт бүхий гурван хувийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих” зээлд батлан даалт гаргана.
Уулзалт, хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Зээлийн батлан даалтын сан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, USAID, BEST, “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих таваас зургаан хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас хүүгийн зөрүү 13 хувийг хариуцахаар шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд арилжааны 10 банкаар дамжуулан эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл олгох бөгөөд 2023 оны төсөвт хүүгийн хөнгөлөлтөд 135.5 тэрбум төгрөгийг тусгаад байна.
Тухайлбал:
- Мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт 3 тэрбум төгрөг,
- Газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт 6 тэрбум төгрөг,
- Хүнсний боловсруулах, сав, баглаа, боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөг, нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг 3-5 жилийн хугацаатай олгох юм.