УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. УИХ дахь МАН-ын бүлэг намын дүрмээрээ гурван дэд даргатай байх ёстой. Нэг дэд дарга дутуу байсан. Нийслэлийн асуудал хариуцсан намын бүлгийн дэд даргаар Э.Бат-Амгаланг сонголоо. Ингэснээр манай намын бүлэг гурван дэд даргатай болж байна.
Дараа нь Аялал жуулчлалын тухай хуулийг хэлэлцсэн. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо. Бүлгийн гишүүдээс нэг санал тавьсан. Сүүлийн үед бизнесийг дарамтлах, булаах, үл хөдлөх хөрөнгөнд нь халдах үзэгдэл газар авлаа. Бизнес эрхлэгчдийг дарамталж, үл хөдлөх хөрөнгийг нь булааж буй үйл явдлыг таслан зогсоох чиглэлийг Засгийн газарт өгсөн. Эргээд бүлэгт танилцуулахыг үүрэг болголоо” гэдгийг хэллээ.