“Нөлөөнд автаагүй хүмүүсийн эсэргүүцэл л шударга ёсыг тогтоодог” Бенжамин Франклин
2018 оны арван хоёрдугаар сард УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарын таван гишүүн “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” жагсаалыг зохион байгуулж, талбай дээр өлсгөлөн зарлаж, М.Энхболдоор удирдуулсан чуулганд оролцохгүй гэж үүдэнд нь лоозон барин сууж эсэргүүцлээ илэрхийлж байв. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайханы рейтинг “өндөрт мандсан”. Улс төрийн тавцан дахь гол тоглогчид болсон.
Тухайн үед жагсаал дээр Т.Аюурсайхан, “МАНАН бүлэглэл ямар хортой гэдгийг сүүлийн 25 жилд үүссэн тэгш бус байдал, байгалийн баялаг цөлмөгдөж байгаагаас харж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байна гэж заасан. Өнгөтэй, өөдтэй бүх баялгийг МАНАН бүлэглэл хамж, газрын хэвлий нь хоосон, ард түмэн ядуу, улс нь хагарсан ийм нөхцөл рүү явахыг хэрхэвч бид зөвшөөрөхгүй. Нэн даруй МАНАН бүлэглэлийг зогсоож, М.Энхболдыг огцрохыг шаардаж байна.” гэдэг үгийг хэлж байсан.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатарын парламент нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон дөрвөн гишүүнийхээ нэгийг нь чөлөөлж, хоёрынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Түүний нэг нь Т.Аюурсайхан.
Нүүрсний хулгайчаараа цоллуулж, цэвэр алтаар морины толгой хийлгэж гайхуулсан гэсэн ярианы эзэн болсон Т.Аюурсайханыг хамт олон нь гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлсний дараа нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн нь “Намайг шоронд хийвэл үлдсэн бүх насаа МАН-ын хулгайч нарыг илчлэхэд зориулна” гэж “заналхийлсэн” явдал байв. Цахим орчинд энэ мэдэгдэл багагүй тренд болж олон нийтийн дунд “Улс төрчид өөрсдийнхөө булхайг нуух гэж хичээх үү эсвэл жинхэнэ шударга ёсыг шаардах уу” гэсэн хүлээлтийг үүсгээд байгаа.
Заналхийлэл ч “бай”-гаа олох үндэслэлтэй. Өнөөгийн УИХ нэг нэгэндээ хариуцлага ярих хэмжээнд байгаа юу гэвэл эргэлзээгүй “Үгүй” гэдэг хариулт өгөхөөр л байна.
Та нүүрсний хулгай хийсэн үү гэхэд үгүй ээ авлига авсан шүү дээ гэж зандартлаа ёроолдоо тулчихсан байгаа парламентаас ямар шударга ёс, хариуцлагыг хүлээх вэ.
Нөгөө талаар Л.Оюун-Эрдэнэ “Би эрх мэдэлд очихгүй” гэж жагсаал дээр хэлж байснаасаа эсрэгээр байж өнөө Ерөнхий сайдын суудалд суусан ч “шударга ёс”-ны эрэлдээ гарч Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойн гэрээ, Хөгжлийн банкны асуудал, Нүүрсний хулгай гээд авлига, албан тушаалын олон асуудалд ард түмний анхаарлыг татаж, тодорхой хэмжээнд бодитой ажил хэрэг болгож чадсан гэдгийг үгүйсгэх аргагүй. Гэвч энэ нь Т.Аюурсайхан шиг “Улс төрийн өрсөлдөгчөө намнах, эрх мэдлээ хамгаалах гэсэн арга барил нь уу” үнэхээр “Нийгэмд шударга ёсыг тогтоох гэсэн тэмцэл” үү гэсэн эргэлзээг давхар төрүүлэхээр нөхцөл байдал руу шилжиж байна.
Нийтлэлч: А.Тэмүүлэн