УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээс Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг танилцуулав.
Танилцуулгын дараа “Шулуухан хэлэхэд нүүрс, зэс гэдэг хоёр том бүлэглэлтэй болсон байна. Бүгдийг худалдан авч, банкаар дамжуулан улс төрийг барьцаалах гэсэн хэсэг нөхөд гарч ирсэн байна. Энэ бол нууц биш. Өнгөрсөн бүх хугацааны санхүүжилтийг энэ хүмүүс босгосон байна. Дараа нь шүүхийн томилгоонд нөлөөлсөн. Ордонд биш ордны эргэн тойронд байгаа байшинд шийдвэр гаргадаг болсон. Зарим төрийн албан хаагчид архи хундагалаад зогсож байдаг ийм нөхцөл рүү манай улс халтирч орсон байна.
Цаашид нүүрс дагасан мафийг ил тод болгохоос өөр сонголтгүй. Та бүхэн эдийн засгийн өсөлт, төсвийн давж байгаа биелэлтийг ажиглаад хараарай. Ийм хэмжээний далд эдийн засаг байсан гэсэн үг. Одоо бас амар биш байгаа. Хил дамнасан зарим компанийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Нүүрсийг биржээр зарах тухайд хүндрэл гарч байна.
Ойрын 15-20 жилийн хугацаанд нүүрс, зэс гэдэг хоёр бүтээгдэхүүний асуудлыг ил тод болгохгүй бол шударга ёс ярих нь туйлын хүнд. Тиймээс энэ нөхцөл байдлыг өөрчилье л гэж байгаа юм. МАН, АН гээд хэн байх нь хамаагүй. Ийм асуудлууд болсон. Т.Аюурсайхан сайдын хувьд прокуророос яллагдагчаар татагдсан. Өөрөө орж ирж уулзсан. Энэ явагдаж буй үзэл санааг дэмжиж байна, би өөрөө ажлаа өгөөд шалгуулна гэдэг зүйлийг хэлсэн.
Засгийн газрын хуралдаан дээр гишүүдэд хэрвээ ямар нэгэн зүйлд холбогдвол ажлаа өгөөд үнэнээ тогтоолгоорой гэдгийг миний хувьд хэлж байсан. Бүлгийн хурал дээр ч мөн адил хэлсэн юм. Авлигачдын аалзны торыг тасалж байж эрх зүйт төрийн, эгэл жирийн чөлөөт өрсөлдөөний тухай ярих боломжтой болох юм.
Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой гээд олон асуудал АН-аас Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёртой холбоотой. Энэ зуурсан бантанг чинь цэвэрлэх гэж үйлээ үзэж байна. Тулгамдсан асуудлаа шийдээд явъя” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм.