Ард Санхүүгийн Нэгдэл, Монгол ТВ-тэй хамтран Аппрентис Монгол реалити шоуг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулаад байгаа.
Тэгвэл II улирлын дугаараас шалгарсан шилдэг оролцогчдын нэг Т.Азжаргал Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компаниудын нэг болох Ардын Тэтгэврийн Данс ХХК-ийн Дэд Захирлаар томилогджээ. Ил тод, дайчин зан чанараараа онцгойрсон Т.Азжаргал нь шоуны үеэр үзэгчдийг нилээдгүй талцуулаад амжсан билээ. Аппрентис Монгол шоу нь оролцогчдодоо карьерын хувьд өсөж, дэвших онцгой бөгөөд бодит боломжийг бий болгодог нь үе үеийн оролцогсдын одоогийн ажил, амьдралаас тод харагддаг билээ.
Ардын Тэтгэврийн Данс ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Аппрентис Монгол шоуны өмнөх дугаарын шилдэг оролцогчдын нэг болох О.Амарболд ажиллаж байгаа юм. Ингэснээр Аппрентис Монгол шоуны шилдэг оролцогчид хамтран өөрсдийн ур ухаан, мэдлэг чадварыг хослуулан ажиллах нь ээ.
Т.Азжаргал нь Ирээдүйгээ Өмчил уриатай Ардын Тэтгэврийн Данс ХХК-ийн Хамтын ажиллагааны газрыг удирдан чиглүүлэх бөгөөд үүнд борлуулалт, хамтын ажиллагаа, маркетинг, харилцагчийн үйлчилгээний хэлтсүүд багтдаг байна.
Тэрээр 2019 онд Турк улсад Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж магистрын зэрэг хамгаалсан. Ажлын гараагаа ХААН Банкнаас эхлүүлсэн бөгөөд Монголын томоохон групп компаниудад 8 жил гаруй ажилласан туршлагатай нэгэн ажээ.