Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас өнөөдөр (2023.03.20) “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буй талаараа мэдээллээ.
Эрүүл мэндийн дэд сайд С.ЭНХБОЛД:
– Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, шинжилгээг 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхэлж, 10 сарын хугацаанд улсын хэмжээнд нийт хүн амын 26.7 хувь буюу 900 гаруй мянган хүнийг хамруулаад байна. Энэ 900 гаруй мянган хүнд эхний судалгаа хийгдэж, урьдчилсан үр дүн гарсан.
Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, амьсгал, зүрх судас, дотоод шүүрэл, тэжээлийн болон бодисын солилцооны өвчлөлүүд тэргүүлэх шалтгаан болж байна. 0-17 насны хүүхдүүдийн 61.5 хувьд нь шүд цооролт илэрч, хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна.
Манай улсын хүн амын дунд хувь хүний амьдралын хэв маяг, зан үйл, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалсан халдварт бус өвчин, түүн дотор зүрх судас, чихрийн шижин, хорт хавдар, осол гэмтэл давамгайлж, хүн амын нас баралтын шалтгаанд зонхилох байр эзэлж байна.
Монгол Улсын иргэдийн илүүдэл жин, таргалалт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан бүх насны хүн ам тэр дундаа залуус, хүүхдүүдийг илүү хамарч байна.
15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 15.5 хувь нь таргалалттай байна.
Илүүдэл жин, таргалалт залуусын дунд эрчимтэй нэмэгдэх хандлага ажиглагдаж, 15-34 насанд 2.3-2.5 дахин нэмэгдэж, 35-69 насны 10 хүн тутмын 6 нь илүүдэл жин, таргалалттай байна.
Таргалалт нь удамшлын болон дааврын шалтгаантай байж болох ч 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалдаг. Манай улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, идэвхгүй суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цаг зарцуулдаг, 52.4 хувь нь ажлын байрандаа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй гэсэн судалгаа гарсан байна.
Тиймээс эрт илрүүлгийн үр дүнд үндэслэн эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлж, эрүүл мэндийн боловсрол олгосноор өвчин эмгэгээс сэргийлэх иргэдийн мэдлэг, хандлага, ойлголт нэмэгдэнэ. “Энэ жилдээ эрүүл жиндээ” аянд нэгдэхийг уриалж байна.