УИХ-ын хаврын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрээр хэлэхдээ “Засгийн газар 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Энэ нь Монгол Улсад ардчилсан парламентын тогтолцоо бий болсноос хойш анх удаа гүйцэтгэх засаглалын байгууллага хуулиар олгогдсон үүргийн дагуу гэмт хэрэгтэй тэмцэх, тэр дундаа авлигатай тэмцэх зорилгоо тодорхойлсон.
Энэ хүрээнд хаврын чуулганы эхэнд бүлгийн хуралд намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, хаврын чуулганы эхэнд авлигатай тэмцэх бодлогыг чангатгах чиглэлд Засгийн газар болон УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулиудыг нэн яаралтайгаар хэлэлцэн баталж өгөх саналыг тавьсан.
Уг саналыг намын бүлгийн гишүүд 100 хувь дэмжиж, авлигатай тэмцэх үйл хэргийг бодит болгож, онцгойлон анхаарахаа илэрхийлсэн. Авлигатай тэмцэх ажлын хүрээнд 5Ш ажиллагааг зарласан. Үүнд:
- Нэгдүгээрт, “Шүүр” ажиллагаа буюу төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуй нэгжүүдэд хууль зөрчин томилогдсон албан тушаалтнуудыг дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн дотор чөлөөлж, ЗГХЭГ-т хэрхэн яаж шийдвэрлэсэн талаарх мэдээллийг ирүүлэхийг үүрэг болгосон.АТГ-аас гаргасан мэдээллээр холбогдох хуулиудыг зөрчиж томилогдсон 800 орчим албан тушаалтан байна.
- Хоёрдугаарт, авлигатай холбоотой хураагдсан мөнгө, хөрөнгийг цаашид тулгамдаж буй салбарт ашигладаг байх, үүнийг хэрэгжүүлэхийн тулд хууль санаачлан батлуулах шаардлага үүсэж байна.
- Гуравдугаарт, шувуу ажиллагааны хүрээнд гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг гадны улсаас авч ирэх асуудлаар Гадаад харилцааны яам улс орнуудтай харилцан туслалцах гэрээ, хэлэлцээр хийхээр ажиллаж байна.
- Дөрөвдүгээрт, МАН-ын бүлгээс өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Баялагийн сангийн тухай хуулийн төслийг ойрын хугацаанд оруулж ирж, УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
- Тавдугаарт, Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг яаралтай батлуулахаар болсон” гэв.