Sonin.mn agency
Дэлхий дээрх хуурай газрууд (тивүүд, арал, хойгууд) анхандаа бүгд цуг, үргэлж байжээ. Гэвч олон янзын шалтгаанаар аажимдаа хуваагдаж, салж, сарниж байршжээ. Энэ хөдөлгөөн, хувьсал одоо ч үргэлжилж байгаа ажээ. Ингэхлээр хуваагдаж тасарсан нь аль тивүүд болох, тэднийг өөртөө агуулж байсан эх газар нь, төв нь аль тив юм бэ? гэж асууж болноо доо? Ер нь хуурай газруудын (тив бүхний, арал бүхний) ирээдүй, аль нь урт настай, тогтвортой, найдвартай болох талаас нь ч сонирхож болох юм. Энд сайнаар ч төсөөлөн бодож болох, бас муугаар ч төсөөлөн бодож болох билээ. Жишээ нь Америк тив хоёр их далайн дунд оршдог, тал талаасаа живж, уусаж, угаагдсаар алга болж ч болох биш үү? Хоёр талаас нь хүчтэй цунами зэрэг ирвэл хэцүүеэ!… Австрали тив хойшоо нүүсээр л байгаа. Замд нь олон галт уул бий. Африк, Европ хоёр Газрын дундад тэнгэс орчмоор мөргөлдөж нийлэх аваас юу болох бол оо? гэх мэтээр бодох, тооцох юм их байнаа…
Азийн төв хэсэг, Монголын өндөрлөг алс хэтдээ улам өндөрсөх үү, эсвээс намсах уу? Энэний үр дагавар, нөлөө ямар байх бол оо?
Хойд болон өмнөд туйлын мөс хайлж дуусахын цагт дэлхийн тэнхлэгт хөдөлгөөн үүсэх үү? Тэр үед далайн таталт, түлхэлт хэрхэн өөрчлөгдөх бол оо?
Энэтхэгийн хойг Ази тивийг ирж мөргөсөн хүч одоо ч гэсэн сулхан үйлчилсээр, түүний улмаас үүссэн Гималайн уулс бага багаар өндөр болсоор байгаа ажээ. Энэ процесс хэзээ төгсөх бол оо?
Хуурай газарт гарч амьдрах болсон амьтны анхны өлгий нутаг нь аль тивийн аль хэсэг юм бэ?
Дэлхийн бөмбөрцөг бүхэлдээ усаар бүрхмэл байсан цаг үе бий юу? Мөн дэлхийн бөмбөрцөг бүхэлдээ хуурай газар байсан цаг үе бий юү? Усан гадаргуйгаасаа хуурай газар цухуйж гарч ирсэн үү? Эсвээс хуурай газрын хонхор, хотгорууд усаар дүүрч далай, тэнгэсүүд буй болсон уу?
Анхны микро амьтад хуурай хөрсөнд агуулагдаж байгаад усанд шилжсэн үү, эсвээс усан дотор анх үүсээд хувьсан хувьссаар хуурай газарт гарч ирсэн үү?
Массуудын таталцах хүч, соронзон хүчний үйлчлэлийг ашиглаад бид дэлхийнхээ байршлыг өөрчилж чадах уу? Онолын хувьд энэ нь байж болох л асуулт шүү дээ.
Нарны аймаг маань бүхлээрээ ч хувьсна, түүний бүрэлдэхүүн болсон гариг, эрхсүүд ч хувьсна. Дэлхий бүхэлдээ ч хувьсна, түүний гадаргуй ч хувьсна. Энэ хувьслуудад хүмүүс бид зохицож байж л амьдрах боломжтой.
Дэлхийн маань хувьсал, өөрчлөлт дотроо, гүндээ ч явагдана, бас гадаргуй дээрээ ч явагдана. Аль аль хувьсал нь хүмүүс бидэнд элдвээр нөлөөлөх болно. Хүн төрөлхтөн нэгдэж байж, нэг хүн мэт хүч, боломжоо зангидаж байж л дэлхийн элдэв хувьсал, өөрчлөлтөөс өөрийгөө хамгаалж чадна. Хамгаалах боломжгүй хувьсал ч гарч мэднэ.
Дэлхийн цаг агаарын өөрчлөлт, дулааралтаас үүдсэн цас, мөсний хэмжээний багасалт, усан гадаргуйн тэлэлт, агаарын чийгшлийн ихсэлт зэрэг нь яг хэрэг дээрээ бол дэлхийн гадаргуйнд гарч байгаа өөрчлөлт юм. Цас мөсний нийт талбай багассанаар нарны илч, гэрлийг буцааж ойлгох нь багасаж усан гадаргуй өөртөө шингээх ба уурших нь ихэснэ. Энэ нь агаарын чийгийг ихэсгэж хур тунадасны хэмжээг нэмэгдүүлнэ. Өмнөд туйл дахь, мөн хойд туйл дахь “мөсөн зоориуд” аажимдаа бүр алга болно. Ингэснээр ширүүн аадар бороо, ширүүн мөндөр (том ширхэгтэй)-ийн давтамж олширч үер усны аюул ихсэнэ. Намраар орсон их цас тариа, ногоо хураахад ноцтой саад учруулна, ургац алдахад хүргэнэ. Хур бороо ихэссэнээс хөрсний гулгалт, замын эвдрэл, цэвдгийн хайлалт хаа сайгүй тохиолдох болно. Энэ бүхэн нь ихээхэн хэмжээний эвдрэл сүйрлийг дагуулна. Муугаар зөгнөж хэлэх аваас усан галвын аюул дэлхий дахинд нүүрлэж ч мэднэ.
Гадаад их далайнуудын талбай болон гүн нь нэмэгдсэнээс болж галт уулнуудын (далай, тэнгэст байрлалтай) дэлбэрэлт нь цунамийн хүч, аюулыг мөн нэмэх болно. Далайн хар салхины хөнөөл ч ихэснэ.
Дэлхийн гадаргуй дахь дээр дурдсан өөрчлөлтүүд нь дэлхийн гүн дэх элдэв процессуудад ч бас нөлөөлөх болно. Дэлхийн гүнээс үүдэл, шалтгаантай шинэ шинэ аюул ч нүүрлэж мэднэ. Иймээс дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс болж гарах аюулын эсрэг хүн төрөлхтөн хүчээ нэгтгэх, хамтрах, аюулыг урьдчилан харж, зайлуулж, сэргийлж сурах хэрэгтэй байна. Ковид-19 ч энэ талаар дохио, сэрэмжлүүлэг өглөө шүү дээ. Гэтэл харамсалтай нь том хүчирхэг орнуудын төр засаг нөгөөх л уламжлалт зэвсэглэлээр хөөцөлдөх, харилцан нэгийгээ дарамтлах, сүрдүүлэх, нэр нөлөөгөө өргөтгөхийг уралдан хичээцгээж байна. Дэлхийн I, II дайны үлдээсэн гашуун сургамжийг тэд аль хэдийнээ мартсан бололтой. Дэлхийн шинэ том дайн гарах аваас аюул нь Ковид-19-ийн аюул шиг том хүчирхэг орнуудын удирдагчдад ч заналхийлэх болно шүү дээ. Дайны тэргүүн шугам, фронт, ар тал гэж байхгүй, нийтийг хамарсан, цар тахал мэт гамшиг, хөнөөл эх дэлхийг маань хучих, нэрмэх болно гэдгийг ч ухаарахгүй, тооцохгүй авирлацгааж байна шүү дээ…
Дэлхийн дулаарал, түүнээс үүдэлтэй сөрөг үр дагаврууд нь ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд сайнаар ч, мөн муугаар ч нөлөөлөх болно. Цагтаа орсон их хур тунадас нь сайнаар нөлөөлөх бол цаг бусаар орсон их чийг, цас нь зудын гамшгийг дагуулна. Малын бэлчээр, нутгийг зузаан цасан бүрхүүл, хөрлөж хөлдсөн мөсөн бүрхүүлтэй болгочих аваас мөн ч хүнд нөхцөл үүснээ дээ? Ялангуяа дараалан 2-3 жил ийм байдал буй болбол бэлчээрийн мал аж ахуй сүйрлээ л гэсэн үг.
Их хэмжээний уур, манан, үүл байнгад шахам үүсэж нарны гэрлийг олон хоног, сараар халхлах, бүдгэрүүлэх аваас үр тариа, жимс жимсгэнэ цагтаа боловсорч гүйцнэ гэж байхгүй болно. Агаарын хөлгүүд ч тэр, далайн хөлгүүд ч тэр байнгын шахам л бэрхшээлтэй нөхцөлд орно, нислэг, аялалууд сааталд орох нь ердийн үзэгдэл болж хувирна.
Гол горхи савнаасаа халих, гүүр далан эвдрэх, шороон замууд цөөрөх, бүр устах үзэгдэл ч хаа сайгүй л тохиолдох болно.
Цэвдэг ихтэй газруудад барьсан барилга, байшин, зам, зуслан, жуулчдын баазуудад эвдрэл, хагарал гарах нь мөн ихэснэ.
Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог орнууд нүүрлэж болзошгүй аюул сүйрлээс хамгаалах бэлтгэлээ хэд дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэчлэн XXI зууны амьдрал, оршил нь хүн төрөлхтнөөс оюунлаг, ухаарал тооцоонд тулгуурласан, хүч боломжоо нэгтгэж дайчилсан, нэг чигт харж, нэг зорилгод захирагдсан, шинжлэх ухааны мэдлэгт баттай суурилсан үйл ажиллагаа, улс түмэнч бодлого, бүх нийтийн хамтын ажиллагааг шаардаж байна. Энэ шаадлага, хэрэгцээг зөвөөр ойлгож, бусад улс оронтой дуу хоолой, хүч, хөрөнгөө нэгтгэж, дэлхий нийтийн сайн сайхны төлөө идэвхтэй тэмцэж амьдрах нь улс үндэстэн бүрийн журамт үүрэг мөн болно. Хүн төрөлхтөн бол нэг л том хөлөг онгоцны зорчигчид, нэг л янз хувь заяатай хүмүүс шүү дээ. Энэ шинж жилээс жилд улам л тод томруун болсоор байна.
Дэлхийн дулаарлаас шалтгаалан гарч ирэх аюул, сүйрэлд өртөхгүй тив, өртөхгүй улс орон гэж байх боломжгүй. Ингэхлээр дэлхий дээрх шим мандлаа (агаар, ус, хөрс шороо) хамгаалах үүрэг бол бүх нийтийнх юм. Улс үндэстэн нэгбүрд, хүн нэгбүрд ийм үүрэг үүсээд удаж байгааг НҮБ идэвхтэй сурталчлах, сайтар ойлгуулах ёстой.
Шим мандалд гарсаар байгаа олон сөрөг үзэгдлүүдийн зарим нь засварлах, залруулах боломжгүй болчих аваас хүн төрөлхтөн “Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” гэхийн жишгээр орох болно. Оройтох, найдваргүй болох, давагдашгүй хүчин зүйл болж хувирахаас нь өмнө, урьтаж л засвар, тохируулга, нөлөө, тэмцэл хийгдэж байх учиртай. Шим мандлын төлөв, байдлыг судалдаг эрдэм шинжилгээний газрууд улс орон нэгбүрд байгуулагдаж идэвхтэй үйл ажиллагааг өрнүүлж байх ёстой. Тэдгээрийн үйл ажиллагааны үр дүнг НҮБ зангидаж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч байх учиртай.
Судлаач, профессор Д.Чулуунжав