Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталжээ. Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралданаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байсан юм. Тэгвэл өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа.
Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Э.Бат-Амгалан өөрийн цахим хуудсандаа орууллаа.
Тэрбээр ” Миний бие ажлын хэсгийг нь ахалж, УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар, Ц.Сэргэлэн, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт, мэргэжлийн баг хамт олон Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д танилцуулж, эцэслэн баталлаа.
Шинэчлэн найруулагдсан “Шүүх шинжилгээний тухай хууль” 2023 оны 1 дүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхэлнэ. Хуулийн гол зорилго нь хэргийн бодит үнэнийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, шүүхийн шатанд яллах, цагаатгах шийдвэрийг гаргах, хүний эрхийг хангахад оршиж байна.
Хуульд шүүх шинжилгээ хийх процессыг илүү нарийвчлан зохицуулагдаж, олон нийтийн дунд сэтгэл санааны хохирол гэж яригдаж ирсэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээгээр тогтоох, шүүх мөнгөн дүнгээр үнэлэх, хохирлыг барагдуулах үйл ажиллагааг тусгаж, эрүү, иргэний зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж хуульчиллаа.
Гэмт хэргийн хохирогчид сэтгэл санааны хохирлыг ялгамжтай тогтоож ирсэн байдал арилж, хүн бүрд хууль тэгш, хүртээмжтэй үйлчлэх боломж бүрдэж, хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх харилцаанд ахиц дэвшил гарах боломжтой болно.
Мөн энэ хуулиар хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологи, хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирлыг шүүх шинжилгээгээр тогтоож, үнэлгээг тооцох, цахим технологи, инженер техникийн шинэ төрлийн шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагад нэвтрүүлж байна.
Ингэснээр шүүх шинжилгээний байгууллагын хараат бус, бие даасан байдал хангагдаж, хэнээс ч хараат бусаар технологийн шийдлээр ажиллах боломж нэмэгдэж, шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн баталгаа дээшилж байна” гэжээ.