Нүүрсний хэрэгт холбогдсон асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монголын ард түмэн ядуу амьдралтай байхад ийм том хулгай байж болохгүй. Цаашид удаан үргэлжлэх байх. Бид тав нэр төрөө сэргээлгэж авъя гэж бодож байгаа. Ард түмэнтэйгээ нийлнэ. Тэгээд нүүрсний хулгайч нарыг бүгдийг нь илрүүлнэ. Нүүрсний хулгайн мөнгөөр иргэдийн ипотекийн зээлийг төлүүлнэ. Ийм хуулийн төслийг ирэх жил өргөн барина. Нүүрсний хэрэгтэй огт хамаагүй гишүүдийн нэрийг зарласан нь их авьяас байх гэж бодож байна.
Бид тав дотор нүүрстэй холбоотой хүн байхгүй. Долдугаар ангиасаа хойш нүүрсний талаар мэдэхгүй гэж хэлснийг зарим хүн инээдэм болгож байна. Бизнес эрхэлдэг хүнд эрхэмлэдэг зан чанар, нандин зүйл гэж бий. Би өөрөө бурхны шашинтай. Хулгай гэдэг зүйлийг үнэхээр үзэн яддаг. Тиймээс ард түмэнтэйгээ нийлээд нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна.
Ард түмэнтэйгээ хамтарч тэмцээд жинхэнэ хулгайчийг гаргаж ирнэ. Ард түмний амьдрал хэцүү байгааг эхнээсээ би ярьсан. Ингээд л намайг Сүнээ гээд янз бүрийн хүмүүстэй холбосон. Энэ бол цаанаасаа захиалгатай. Жинхэнэ хулгайчийг олох гэсэн ард түмний итгэлийг мухардуулж байгаа зүйл. Ингэлээ гээд бууж өгөхгүй.
Алдсан боломжийг ард түмэндээ авчрахын төлөө тэмцэнэ. Унтаж байгаа баавгайг сэрээсэн хулгайч нар өөрсдөө гомдох цаг ирнэ. Унтаж байгаа баавгайг сэрээх нь үүрээ эвдүүлэх аюултай гэсэн Орос ардын үг байдаг.
Нүүрсний хулгайтай тэмцэх ажлын хэсэг байгуулагдангуут энэ асуудал гарч эхэлсэн. Энэ ажлын хэсгийг үр дүнтэй ажиллуулах нь чухал. Шударга хөдөлмөрлөдөг хүн Монголд хэд байна вэ? Нүүрсний хулгайн хэрэг дээр зөв тэмцэх ёстой. Илрүүлэхгүй бол бүгдээрээ хохирно. Та бүхэн бас мөнгө төгрөгт битгий автаарай.
Хэдэн арван их наядаар нь хулгайлсан хүн хэнийг ч худалдаж авч болно. УИХ-ын хамгийн нэр цэвэр таван гишүүний нэрийг яагаад цохож байгааг гайхаж байна. Энэ бол зориулалттай жүжиг.
Магадгүй УИХ-ын сонгууль эхэлсэн байх гэж ярьж байна. Жишээ нь Булганд Д.Сарангэрэл гишүүн тухайн аймагт дэвшинэ гээд сайд болонгуут аравхан хоногийн дотор намнаж байна. Б.Болор-Эрдэнэ дэд сайдыг бас унагасан. Булганд их хүчтэй гар бидний эсрэг явж байна. Ямар хүн байгааг гайхаж байгаа.
Булганд нэг ч нүүрсний уурхай байхгүй. Миний хувьд нүүрсний уурхайг огт сонирхдоггүй. Нэг ч лиценз, нэг ч компанийн хувьцаа эзэмшдэггүй. Уул уурхай хийхгүй гэж амлаж гарч ирсэн хүн. Тиймээс энэ хулгайч нарыг олж, ард түмнийхээ ипотекийн зээлийг төлүүлнэ” гэлээ.