Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.
Хурлаас гарсан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД, жижиг Тавантолгой компанид бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон П.Сайнзориг танилцууллаа.
Энэ үеэр нүүрсний хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол хэдэн жилийн ял оногдуулах вэ. Авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт ямар хариуцлага оногдуулдаг талаарх сэтгүүлчийн асуултад тэрбээр хариуллаа.
Энэ талаар “Би шүүхийн өмнөөс хариулт өгөх бололцоогүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа. Тухайн этгээдийг яллагдагчаар татвал хэд хэдэн зүйлчлэл ч байж болно. Хахууль авах, эрх мэдлээ урвуулан ашиглах, зарим тохиолдолд ямар гэмт хэргүүдийг хавсарч үйлдсэн гэдгээс шалтгаалж прокурор яллах дүгнэлт үйлдэнэ. Гэм бурууг нь шүүх дэнсэлж тогтоосон тохиолдолд оногдуулах ялын хэмжээг тогтооно.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар үндсэн бүрэлдэхүүн 1-5 жилийн хорих ялтай бол хүндрүүлэх бүрэлдэхүүн 2-8 жилийн хорих ялтай. Харин онц хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу улс төрд нөлөө бүхий этгээдүүд холбогдсон бол 5-12 жилийн ял онооно.
Энэхүү ялын интервал дотор шүүх тодорхой хэмжээний ял хариуцлагыг оногдуулах байх. Түүнчлэн эрх хасах ялыг нэлээд өндөр түвшинд аваачсан. Тодруулбал, 20 жил эсхүл төрийн албаны удирдах албан тушаалд бүх насаар нь ажиллуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа” гэсэн юм.